
Тэгвэл Монгол Улсыг гадаадад таниулж болох чухал бүтээгдэхүүнд ноолуурын салбар зүй ёсоор багтах боломжтойг тус чуулганд оролцогчид онцолсон. Энэ асуудлыг өнгөрсөн жилүүдэд салбарынхан нь хөндөж ирсэн, тэр ч утгаараа төрөөс тодорхой арга хэмжээг авч ирсэн. Гэвч төрийн оролцоо бас үгүйлэгдсээр байгааг тус салбарт ажиллагсад хэлж байна. Тухайлбал, боловсон хүчнийг бэлтгэх талд анхаарахгүй бол цалин ахиуг нь бодоод залуучуудын дийлэнх хэсэг уул уурхай, авто зам, барилгын салбар луу хошуурах болжээ. Энэ нь эргээд хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчний хомсдолд оруулж байгаагийн зэрэгцээ тогтвортой ажиллах мэргэжлийн ажилтангүй болгож буй аж. Бас нэг сөрөг тал нь монгол залуучууд аливааг хийж чадахгүй байж, цалингаа голдог. Сургаад авъя гэхээр олон сар, жилээр сургах нь гээд шантардаг. Гэтэл техник технологи хөгжсөн эрин үед үйлдвэрлэлийн салбарт шинэ шинэ технологи нэвтэрч байгаа. Тиймээс түүн дээр ажиллах мэргэжлийн ажилтан шаардлагатай. Ийм шаардлага тавигдаж байгааг ойлгодоггүй аж. Хоёр дахь томоохон бэрхшээл нь зээлийн хүү өндөр байгааг сануулж байна. Уг нь энэ асуудлыг жил бүрийн эдийн засгийн форум дээр бизнес эрхлэгчид хөнддөг. Дараа жилийн форум болоход зээлийн хүү буурсан байх болов уу гэх хүлээлттэйгээр чуулганаа өндөрлүүлдэг ч харамсалтай нь буурсан жишээ үгүй. Уг нь Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан, ийм нөхцөлд арилжааны банкны зээлийн хүү буурах ёстой. Мөн Засгийн газар олон улсын хөрөнгийн бирж дээрээс 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх “Чингис бонд”-ыг босгож чадсанаар зээлийн хүү буурах бололцоог олгосон хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд өнгөрсөн хугацаанд олонтаа ярьсан ч бодит амьдрал дээр энэ бүхэн бахь байдгаараа бизнес эрхлэгчид өндөр зээлийн хүүнд дарлуулсаар суугаагаа нуусангүй. Дараа жил дахиад эдийн засгийн форум болно. Харин энэ үед ядаж л зээлийнхээ хүүг бууруулчихсан байвал бизнес эрхлэхэд тулгарч байгаа хамгийн том проблемын нэгийг шийдэж чадна гэж оролцогчид тэмдэглэж байна. Мөн энэхүү зээлийн хүүг дагаад орох оронгүй яваа олон мянган залуучууд орон сууцны зээл авах бололцоо бүрдэж тэр хэрээр компаниуд тогтвортой ажиллах хүний нөөцтэй болох боломж гарч ирэхийг сануулсан юм. Харин энэ бүх санал хүсэлтийг хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг жилийн дараа болох чуулга уулзалтаас харагдана.