Өлсгөлөн зарласан эмэгтэйг буруутган шүүжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарласан эмэгтэйг буруутган шүүжээ

Энэтхэгийн идэвхитэн эмэгтэй Иром Шармила тус улсын хойд хэсгийн Кашмирийн бүс нутагт үйлчилж буй Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуулийг эсэргүүцэн 12 жилийн турш нойтон өлсгөлөн зарлажээ. Иром Шармила хамгийн сүүлд 2000 оны арваннэгдүгээр сарын 4-нд хоол идсэн бөгөөд үүнээс хойш тэрээр нэг ч удаа идэх юм идээгүй гэнэ. Гэтэл Манипур мужийн Импхал хотын цагдаагийн газраас  өнгөрсөн долоо хоногт Иром Шармилаг баривчилж, эмнэлэгт хэвтүүлэн гурван хоног хамраар нь гуурс шургуулан албадан хоолложээ. Үүний дараа түүнийг Импхал хотын шүүхээс өчигдөр буюу 4-ний өдөр амиа хорлохыг завдсан хэрэгт буруутган шүүсэн байна. Харин Иром Шармила үүнийг эрс үгүйсгэн “Би амьдралд хайртай. Амиа хорлохыг завдаагүй. Гэхдээ би шударга ёс, энх тайвныг хүсч байна. Тиймээс би шударга бус хуулийг хүчингүй болох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ. Энэтхэгийн “Press Trust of India news” агентлагийн мэдээлснээр шүүхээс Иром Шармилаг амиа хорлохыг завдсан хэрэгт буруутай гэж үзвэл түүнийг нэг жилийн хорих ялаар шийтгэх гэнэ.

Өдгөө 40 настай Иром Шармила өнгөрсөн 12 жилийн турш тэсвэр тэвчээр гарган тэмцсэний хүчинд олон мянган дэмжигчтэй болсон гэнэ. Түүнчлэн “Төмөр хатагтай” гэгдэх болсон Иром Шармилаг дэмжигч олон зуун иргэн шүүхийн гадаа цуглан түүнийг буруутгаж буй шударга бус хэргийг эсэргүүцсэн байна.

Энэтхэгийн Зэвсэгт хүчний тусгай эрхийн хуульд хойд хэсгийн Кашмирийн бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй цэргүүд иргэдийг босогч хэмээн сэжиглэсэн тохиолдолд анхааруулж, сануулахгүйгээр шууд гал нээх эрхтэй гэх мэт цэргийн эрх дархыг нэмэгдүүлсэн олон заалт байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж