“Ман Ю” “Реал” өнөө шөнө тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

“Ман Ю” “Реал” өнөө шөнө тоглоно

“Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд шалгарахын төлөө Английн “Манчестер Юнайтед” болон Испанийн эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” багууд тоглоно. Европийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний шөвгийн 16-д учраа таарсан “Ман Ю” “Реал” багууд сүүлийн үед тун сайн формтой байгаа билээ. “Улаан чөтгөрүүд” Английн “Премьер лиг”-ийг тасархай тэргүүлж байгаа бол Испанийн эзэн хааны гэгддэг “Реал” мөнхийн өрсөлдөгч “Барселона”-гаа хоёр дараалан хожсон гэсэн үзүүлэлттэйгээр тоглоно. “Реал Мадрид” багийнхан өчигдөр Английн Манчестер хотод ирсэн билээ. “Реал”-ын тоглогчдыг тэр тусмаа Криштиан Роналдуг харах гэсэн хөлбөмбөгийн олон хөгжөөн дэмжигч Манчестер хотын олон улсын нисэх буудалд цугласан юм.

Өнөө шөнө Криштиан Роналду “Олд траффорд”-доо эргэн ирж, “Ман Ю”-гийн хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглоно. Энэ тоглолт Роналдугийн хувьд хүндхэн болно гэдгийг өчигдөр цугласан Англичууд “ойлгуулсан” нь гарцаагүй.   

2003-2009 онд Роналду “Ман Ю”-д зургаан жил хүчин зүтгэхдээ 292 тоглолтод оролцож, 118 гоолыг оруулсан байна. Харин 2009 онд дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч буюу 80 сая фунт стерлингээр Мадридийн “Реал”-д зарагдсан юм. Тэрбээр “Реал”-ын төлөө 179 тоглолтод 182 гоол оруулсан гэсэн үзүүлэлттэй байна.

Английн “Улаан чөтгөрүүд”-ийн “Олд траффорд” цэнгэлдэхэд Испанийн эзэн хааны албатууд зочлох энэхүү тоглолт 2013 оны “Аваргуудын лиг”-ийн хамгийн онцлох тоглолтын нэг болох ойлгомжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж