
“Монголын эдийн засгийн форум-2013” чуулга уулзалтын төгсгөлийн шатанд “Next Stop” наадмын оны залуу бизнесмэн Б.Бямбасайхан “Эрчим хүчний диваажин миний монгол мөрөөдөл” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр Монгол Улсын хувьд нүүрс дэлхийн брэнд болсон тухай онцолж байна. Үүнд уул уурхайн компаниуд дэлхийн дэвшилтэт технологийг ашиглахад гол үүрэг гүйцэтгэжээ. Нүүрсний арвин баялаг нөөцтэй гэгддэг улсын хувьд цахилгаан, дулааны станц байгуулсан нөхцөлд нүүрсийг ашиглаж байгаа ч сэргээгдэх эрчим хүчийг бий болгож ашиглаж чадвал илүү үр дүнтэй гэнэ. Ялангуяа говь нутагт нар, салхины эрчим хүчийг ашиглах нь чухал аж. Монгол Улсын хувьд жилдээ 4.5 сая квт цахилгаан хэрэглэдэг байна. Уул уурхайн эрчимтэй хөгжил, бусад үйлдвэрийн хөгжлийг дагаад эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсч буй. Үүнийг шийдвэрлэхийн тулд зарим судлаач Атомын цахилгаан станц барих ёстой гэх саналыг дэвшүүлдэг. Гэхдээ энэ нь Монголын нөхцөлд тохирохгүй, тиймээс ийм станц байгуулах гэвэл эсэргүүцнэ гэлээ. Түүний оронд нар, салхины станц байгуулж ашиглах нь Монголын нөхцөлд илүү тохирно гэж үзэж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологиуд бий болж, тэр хэрээр өртөг зардлыг ч бууруулж байгаа аж. Тиймээс Монгол Улс эрчим хүчнийхээ зарим эх үүсвэрийг нар, салхиар орлуулах төрийн бодлого хэрэгтэй болохыг онцоллоо.
Г.ДАРЬ