
Энэ хугацаанд Эрдэнэт, Дархан хотын 200 орчим гишүүд, сонирхогч залуус бизнесийн хөрөнгө оруулалт, хувь хүний имиж, жижиг, дунд үйлдвэрийн зээл, тусламжид хэрхэн хамрагдах, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаагаа хэрхэн хөгжүүлэх талаарх онц сонирхолтой сургалтад хамрагдсан юм. Эдгээр сэдэв нь орон нутгийн залууст өгөөжтэй, цаг үеэ олсон гэдгийг сургалтад оролцогчид онцолж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. “Ухаалаг Монгол хүн” сэдвээр эдийн засагч Д.Жаргалсайхан, Жижиг дунд бизнесийн зээлд хэрхэн хамрагдах талаар ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан, JCI Mission Vision Value сэдвээр Г.Баярхүү, хувь хүний имиж сэдвээр Common coach компанийн захирал Д.Наранцэцэг, “Бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх” тухай сэдвээр “Лектор” төвийн багш н.Мөнгөнбаяр нарын лекц залуусын сонирхлыг ихэд татаж байсан юм.
Дэлхийн 120-иод оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын залуучуудын байгууллага болох JCI нь Монголд 1992 оноос хөдөлгөөн хэлбэрээр үүсч байсан бол өдгөө 600 орчим гишүүнтэй үндэсний хэмжээний байгууллага болж өргөжөөд буй юм. Энэ удаад тус байгууллагынхан Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга, орон нутгийн удирдлагатахй уулзалт хийж, орон нутгийн хөгжилд эерэг нөлөө авчрах төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санамж бичиг байгуулсан байна.