
Гэхдээ дээрх сэдэвтэй холбогдуулан санал тавьсан оролцогчдын хувьд Монголын бизнесийн орчин шинэчлэгдэж, хүнд суртал багасч байгаа гэдэгтэй санал нийлэхгүй болохоо тэмдэглэв. Эдийн засагч Н.Дашзэвэг “Монголын бизнесийн орчныг муутгаж байгаа хамгийн том хүчин зүйл нь арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүү” гэнэ. Зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэх таатай боломжийг боомилж буй аж. Жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээлийг монголчууддаа ажлын байр бий болгох чиглэлээр авах тэнэг бизнес эрхлэгч ховор. Гэхдээ арга буюу зээл авдаг, эргээд зээлийн хүү өндөр учраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийх нь өртөг өндөр гарахад хүргэдэг. Нөгөө талаас төрийн албаныхны хүнд суртал хэрээс хэтэрсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэсээ төрийн албыг шинэчилж, цомхон чадварлаг болгоно гэх амлалт өгсөн ч улам данхайлгасан, төрийн албыг төрлийн танилын алба болгож хувиргасан. Аман дээрээ сайхан ярих ч ажлаараа ард түмнийг туйлдуулж буй тухай шүүмжиллээ. Тэр ч бүү хэл олигархууд нь түрээсийн мөнгөөр ард түмнээ мөлжиж байхад бизнесийн орчин шинэчлэгдэж, хүнд суртал багасч байгаа гэж ярих нь бүр утгагүй гэдгийг хэлээд авлаа. Түүнчлэн Засгийн газар бизнесийн орчныг таатай болгох ажлыг хийхгүй байгаа болохыг ч онцлов. Тухайлбал, Засгийн газар экспортыг тодорхойлохх агентлаг байгуулах ёстой ч энэхүү бүтцээ бий болгоогүй, экспортын судалгааны байгууллага байгуулах ёстой ч бас байгуулаагүй. Арьс ширний үйлдвэрийг дэмжих зорилгоор УИХ-аас 200 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт өгсөн ч одоо хэр нь тэр нь мөнгөжиж гараагүй. Экспортын даатгалын байгууллагыг бий болгох ёстой ч сураггүй гээд өнгөрч буй хоёр өдрийн турш ярьсан Монгол брэндийг бий болгоход чиглэсэн бодлогын чанартай ажлуудад Засгийн газар анхаарал төвлөрүүлж, энэ чиглэлээр санал санаачлагатай ажил өрнүүлж чадахгүй байгааг хэллээ.
Мөн тус чуулганд оролцсон иргэд “Улаанбаатар хотын захын дүүрэгт амьдарч байгаа иргэд гэрэл, цахилгаангүй байна. Ийм орчинд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бололцоо алга гэж байв.
Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд бодит байдал ямар байна вэ. Энэ талаарх албаны хүний тайлбарыг сонсвол 2012 онд гадаадын 3,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсад орж иржээ. Үүнийг 2011 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм байна. Тодруулбал, 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4,9 тэрбум төгрөгт хүрч байсан. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд ийн 1 тэрбум төгрөгөөр буурсан нь анхаарал татах сэдэв ч бүр муу үзүүлэлт биш аж. Учир нь өмнөх судалгааг авч үзвэл Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 2010 онд 1 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан бол 2011 онд огцом өсч 4.9 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх үйл явц нэлээд жин даржээ.