Манай улсад байгаль орчны тухай 30 гаруй хууль үйлчилж байсныг өнгөрсөн Засгийн газрын үед 10 болгон бууруулсан. Олон хуулийн заалт давхцаж байсныг нэгтгэн, хийдэл гажуудлыг нь засч залруулан цомхотгосон ч дагаж мөрдөх дүрэм, журмыг нь гаргаагүйгээс хуулийн хэрэгжилт хүлээлтийн байдалтай байгаа юм. Байгаль орчны хуулиудыг дагалдаж 85 журам, дүрэм гарах бөгөөд хамгийн түрүүн усны үнэ тариф болон ой мод, байгалийн дагалдах нөөцийн үнэлгээг гаргахаар салбарын яамныхан ажиллаж байна. Түүнчлэн Монгол орны газар нутгийг дөрвөн бүсэд хуваан уул уурхайгүй бүсийг тогтоох судалгааг хийж эхэлжээ. Одоогийн байдлаар зүүн болон өмнөд бүсийн судалгааны дүн гараад байгаа бол баруун, хойд бүсийн судалгаа хараахан дуусаагүй юм байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд загас үржүүлгийн газар байгуулъя, зоопарк нээе, ан амьтан үржүүлье гэхчилэн олон саналтай иргэд ханддаг ч одоогоор хууль эрхзүйн орчин нь хаалттай учир нааштай хариу авч чаддаггүй ажээ.
Д.ЦЭЦ