![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2013/3/b9a91231ac1b286a/b7db9bae4308b2a4big.jpg)
Сургалтад оролцож буй аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт хандаж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Боловсролын газрын дарга нар бол аймаг, дүүрэгт боловсролын манлайлагч нар гэсэн үг. Тиймээс аймаг, дүүргийн дарга нартайгаа сайн хамтарч ажиллах, боловсролын салбарт чиглэсэн ажлаа аймаг, дүүргийнхээ удирдлага ойлгуулж, санхүүжилтээ авдаг байх хэрэгтэйг анхаарууллаа. Багш нараа дэмжсэн, багш нарт эрх мэдэл өгөх чиглэл рүү чухалчлах ажиллах ёстой. Яамнаас гаргаж буй бодлогыг анхан шатанд хэрэгжүүлэх хүмүүс нь Боловролын газрын дарга нар. Зөв, сэтгэлтэй ажиллавал бидний ажил урагшлана. Монголын хөгжил энэ хүмүүсийн гарт байгаа. Боловсролын газрын дарга нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг аймагтаа хэрэгжүүлэх учраас хариуцлагатай ажиллахыг уриалсан. Хариуцлага алдвал бид мөн хариуцлага тооцно шүү гэдгийг л сануулж байгаа юм” гэлээ.
Энэ үеэр Булган аймгийн БСГ-ын дарга Л.Эгиймаатай уулзаж сургалтын талаар мөн аймаг орон нутагтаа ямар ажил өрнүүлээд байгаа тухай сонирхсон юм.
-Өнөөдрийн сургалтаар ямар мэдээлэл сонсов. Аймаг орон нутагтаа очоод нэн тэргүүнд хэрэгжүүлэх ямар санаа, санаачилга төрж байна?
-Би сая оны өмнөхөн 11 сарын 10-нд Улаанбаатарт ирж Засгийн газрын 100 хоногийн ажлаа дүгнэж байхад Соёлын төв өргөөнд яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын тухай сонсоод их л байрлаж суулаа. Тэр үеэр ахмад болон гавьат багш нар төрийн бодлогыг дэмжиж байгаагаа хэлж олон сонирхолтой, асууштай зүйл ярьж байхыг сонсоод үнэхээр шинэчлэлийн бодлого чанар руу шилжсэн юм байна гэдгийг ойлгосон. Угаасаа чанарын шинэчлэл хийхгүй бол боловсрол, монгол улсын хөгжил гэдэг цаашдаа бэрхшээл учрах нь гарцаагүй байсан. Ийм л цаг үед шинэчлэлийн бодлого гарч ирж байгаа явдалд манай булганыхан баярлаж, ойлгож дэмжиж байгаа. Энэ удаагийн сургалт нь Шинэчлэлийн засгийн газар гарч ирээд Боловсрол соёлын газрын дарга нар нарыг урьж авчирч хийж байгаа анхны сургалт. Бид өчигдөр насан туршийн боловсролын форумд сууж мэдээлэл сонслоо. Өнөөдөр салбарын сайд, яамны газрын дарга нараас боловсролын шинэчлэлийн талаар хийгдэж эхлээд буй ажлын талаар сонслоо. Хүнээ яаж хөгжүүлэх, ямар арга зам сонгох вэ гэдэг үе тулгарчихаад байгаа учраас чанарын шинэчлэл хийхээс өөр арга байхгүй.
-Сайд сая засаг дарга нартаа ажлаа сайн ойлгуулж ажиллаарай, орон нутгийн төсвөөс боловсрол руу зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Танай аймгийн хувьд энэ салбарт хэр хөрөнгө зарцуулж байгаа вэ?
-Завхан аймгийн 3 тулгуурт хөгжлийн талаар би нэлээд юм сонсч дуулсан. Энэ утгаараа Завхан аймгаас шатар, морин хуурын хөтөлбөрийг аймагтаа авч хэрэгжүүлэхээр болж сая аймгийнхаа ээлжит бус чуулганаар хөтөлбөрийг баталсан. Манай аймгийн засаг дарга үүнд зориулж 30 сая төгрөг тавьж өгсөн байгаа. Энэ бол манай аймаг боловсролдоо анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл. Түүнчлэн манай засаг дарга бүх сумдаар явж мсургууль цэцэрлэгтэй нь танилцаж ирээд “Бага ангийн сургалтыг би ивээлдээ авч ажиллья” гэсэн санал гаргасан. Энэ дагуу аймгийнхаа бага ангийн багш нарын анхдугаар зөвлөгөөнийг бид оны эхэнд хийлээ. Одоо бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг сайжруулах хөтөлбөр хэрэгжээд явж байна. Энэ удаагийн сургалт нь цаг үеэ олсон, аймаг орон нутагтаа очоод багш нартаа, удирдлагуудтай ажиллахад том зөвлөмж болж байна. Цаашдаа амжилт дүүрэн ажиллах байх.