
Уул уурхайн салбараа түшиглэн хөгжиж буй улс орнуудын хувьд тохиодог эл аюулыг хэрхэн тойрч болох талаарх туршлагаа ноён Вим Кок хуваалцлаа. Тэрбээр хэлэхдээ:
-Ганцхан уул уурхайд түшиглэх бус эдийн засгийн олон салбараа солонгоруулан хөгжүүлэх талаар ярилцаж байгаа ийм сайхан форумд үг хэлж байгаадаа баяртай байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт арав гаруй хувьд хүрсэн гэх мэдээг би сонслоо. Эдийн засгийн өсөлт тэлэлт нь эрсдэл дагуулдаг аюултайг онцлоё. Энэ бол үл тоомсорлох аргагүй зүйл шүү. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, валютын урсгал дотогш чиглэх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарах, үнэ өсөх, цалин нэмэгдэхэд хүргэдэг. Энэ нь экспортлогчдын боломжийг бууруулж, эгэл жирийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагддаг. Голланд улс 1960-аад оноос байгалийн хийгээ ашиглаж эхэлсэн. Үүнээс үүдэн нийгэмд олон өөрчлөлт гарч, 1979 он гэхэд ажиллагсдын цалин нэмэгдэж, тэр хэрээр зардал өссөн байсан. Далаад оныг наян онтой харьцуулахад манай улсын экспорт эрс буурсны дээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл багассан байлаа. Энэ бүхэн зөвхөн байгалийн хийн олборлолтоос болсон хэрэг биш бөгөөд мөн үед дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн байсан юм. 1982 он гэхэд Голландын өрсөлдөх чадвар мэдэгэдхүйц суларч, улс орон маань бүхэлдээ “Голланд өвчин”-д нэрвэгдсэн. Тэр үед би үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж байлаа. Тиймээс эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хөндсөн төдийгүй цалинг тодорхой хэмжээнд барих, ажлын цагийг багасгах асуудлыг хөндөн тавьсан. Дийлэнх олонх нь үүнийг эсэргүүцсэн ч энэхүү шийдвэр алсдаа үр дүнгээ өгсөн. Нийгмийн тогтолцоо эрүүлжиж, компаниуд ашигтай ажиллаж эхэлсний дээр манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Голланд өвчнөөс ангижрах бодлого урт удаан хугацааг туулсан. Бүр ерээд оныг хүртэл үргэлжилсэн юм даг. 1995 оноос манай улсын боловсруулсан бодлогыг Европын хамгийн ашигтай загвар хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бидний энэ алдааг битгий давтаарай гэж та бүхнээс хүсье. Мөнгө босгохооргүй зйүлд хөрөнгө зарахгүй байхын дээр төсвийг хязгаартай барьж, төсвийн сахилга батыг хатуу сахин, зардлыг хянах хэрэгтэйг сануулъя хэмээсэн юм.
Монгол Улс “Голланд өвчин” тусахгүй тойрох боломж байгааг эрхэм зочин хэлсэн бол тус чуулганд оролцож үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид хэдийнэ шуухинаад эхэлжээ. Хатгаа болчихоос нь өмнө эмчлэх хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн Голландын экс ерөнхий сайд эдийн засгийн өсөлтийг ДНБ-ийн өсөлт, макро эдийн засгийн үзүүлэлтээр бус эгэл иргэдийн амьжиргаа сайжирсан эсэхээр, хүмүүсийн сэтгэл ханамж ямар байгаагаар хэмжих хэрэгтэйг сануулсан юм.