-Өнгөрсөн долоо хоногт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааг зохион байгуулах “Төслийн удирдах хороо” байгуулагдлаа. Энэ хороо ямар үүрэг, чиглэлтэйгээр ажиллах вэ?
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах “Төслийн удирдах хороо”-г байгууллаа. Энэ хороог зөвхөн Засаг даргын зүгээс биш гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо чухал учраас нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хороог нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга удирдаж ажиллах бөгөөд өнгөрсөн долоо хоногт анхны хурлаа хийж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг батлан, Үндэсний шуудан, Өнөөдөр, Ардчилал, Өдрийн сонин,Зууны мэдээ,Нийслэл таймс, Улаанбаатар таймс зэрэг өдөр тутмын сонинуудаар дамжуулан аж ахуйн нэгж, компаниудад нээлттэйгээр илгээлээ. Үндсэндээ дахин төлөвлөлтийн 12 байршилд 12 төслийн нэгж бий, эдгээр төслийн нэгжийг “Удирдах хороо” зангидаж, бодлогоо тодорхойлон ажиллана.
-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад ямар шалгуур тавьж байгаа вэ?. Зөвхөн барилгын компаниуд оролцох уу аль эсвэл бүх аж ахуйн нэгж, компаниуд оролцох боломжтой юу?
Бид энэ томоохон бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэдэн шалгуур тавьж байгаа. Тухайлбал, компанийн техникийн чадавхийн үзүүлэлт, санхүүгийн чадавхийн асуудал, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр ирүүлсэн төслийн саналын хэрэгжих үндэслэл, найдвартай, эсэх зэрэг шалгууруудыг тавьж байна. Харин төсөл хэрэгжүүлэгч компани нь заавал барилгынх байна гэж ялгахгүйгээр бүх төрлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд нээлттэй зарласан. Хоёр компани нийлээд оролцож болно. Банк, санхүүгийн байгууллагатай ч хамтран оролцох боломжтой.
-Оролцогчийн материалыг ямар хугацаанд хүлээн авах вэ? Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт хэзээ хийгдэх вэ?
Оролцогчдын материалыг 03-р сарын 04-өөс эхлэн 03-р сарын 18-ны 10 цаг хүртэл битүүмжилсэн байдлаар Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд хүлээн авна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар өгнө. Материал хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор сонгон шалгаруулалт хийгдэнэ. Гэхдээ сонгон шалгаруулалтыг дан ганц Төслийн удирдах хороо шалгаруулахгүй тухайн хэсэгт амьдардаг иргэд, олон нийтийн саналыг тусгаж шалгаруулалтаа хийх юм.
-Нийслэлийн ИТХ-аар батлагдсан журамд тусгагдснаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 4-р сард эхлэх учиртай. Хотын захиргаа, аж ахуй нэгжүүдийн ойлголцоос гадна иргэдийн оролцоо төсөл хэрэгжихэд чухал үүрэгтэй. Тэгэхээр дахин төлөвлөлтийн 12 байршилд багтсан иргэд төсөл хэрэгжих үед ямар бэлтгэл, оролцоотой байх ёстой вэ?
Энэ төслийг Хотын захиргаа, төсөл хэрэгжүүлэгч, иргэн гэсэн гурван талт гэрээний дагуу хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ. Иргэд сонгон шалгаруулалтад оролцож саналаа илэрхийлэн зөвшөөрч байгаа эсэхээс аль компани төслийг хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болно.Тиймээс саналаа өгөх үедээ тухайн компанийн түүхтэй сайн танилцаж, өөрийн амьдарч буй газарт ямар төлөвлөлтийг хэрхэн хийх гэж байгааг сайтар судлах хэрэгтэй. Мөн иргэн өөрийн үүргээ биелүүлж гурван талт гэрээнд тусгагдсаны дагуу гэрээгээ зөрчихгүй байх шаардлагатай. Ажил эхлэх болдог, тэр үед бас нэг өөр зүйл яриад эхэлвэл төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл учрах талтай.