Өрсөлдөх чадвараараа урагшлаагүйг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Өрсөлдөх чадвараараа урагшлаагүйг анхаарууллаа

“Монголын эдийн засгийн форум”-ын өнөөдрийн хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн илтгэлээр эхэлсэн юм. Ерөнхийлөгч “Улс орныхоо эдийн засгийг жилдээ нэг тольддог энэхүү форум нь өгөөжтэй, үр дүнтэй байж гэмээнэ хуран чуулсны хэрэг бүтнэ” гэдгийг онцлоод улс орны нэр хүнд олон улсын төвшинд ямар байгааг хэд хэдэн судалгаанд үндэслэн баримтад түшиглэн өгүүлсэн юм. Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17,5 хувьтай гарсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 12 хувь болтлоо унасан гэдгийг тэрбээр хэллээ. Хэдийгээр хэт өсөлт нь элдэв аюул дагуулдаг хэдий ч энэ жилийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт ч “гар тормос” татсан мэт зогсонги байдалд ороод байгааг хууль боловсруулагчид болон гүйцэтгэх засаглалынхан анхаарахгүй байх аргагүйг тодотгов.

Энэхүү форум нь манай улсын эдийн засагт дүн тавьдаг байх учиртай. Ямар үзүүлэлт нь сайн ямар нь маруухан байгааг дүгнэдэг байвал үр дүнд нөлөөлнө гэж Ерөнхийлөгч хэлсэн юм. Тэрбээр дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс дэлхийн 144 орноос 93 дугаар байранд жагсжээ. Манайд өгсөн 3,1 гэсэн оноо сүүлийн гурван жилд огт өөрчлөгдөөгүй  байна. Мөн Дэлхийн банкнаас гаргасан бизнес эрхлэх орчны судалгаагаар манай улс 183 орноос 88 дугаарт орсон байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрлээ хэмээн хөөрцөглөөд байгаа маань дэлхий нийтэд огтхон ч хамааралгүй байгааг эндээс харж болно. Түүнчлэн манай улстай ойролцоо нөхцөл бүхий 15 орныг жагсаахад манай улс гурван жил дараалан сүүл мушгисан байх юм. Ийн өрсөлдөх чадвараараа ахиж дэвшихгүй байгаагийн хамгийн том саад бол Монгол Улсын хувьд улстөрийн орчин гэсэн “онош”-ийг  дэлхийд данстай эдийн засагчид гаргасан байна. үүнтэй Ерөнхийлөгч зуун хувь санал нэгтэй байгаагаа хэлж байлаа. Хоёр дахь саад нь дэд бүтцийн сул хөгжил аж. Мөн  “зөөлөн дэд бүтэц” гэгддэг боловсрол, эрүүл мэндийн салбар ч чөдөр тушааны тоонд багтжээ. Дэлхий нийтийн хэмжээнд улс орнуудын өрсөлдөх чадварыг 330 үзүүлэлтээр гаргасан бол манай улс дотооддоо аймгуудаа 180 үзүүлэлтээр “өрсөлдүүлжээ”. Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг ганцхан Улаанбаатарт, 10 хувийг Эрдэнэтэд үйлдвэрлэж байгаа нь төвлөрөл, хүндрэлийн гол шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэд өрсөлдөх чадварын байгууллагууд хүрчээ. Үлдсэн 25 хувь нь 21 аймагт ногдоно гэдэг тун харамсалтай хэрэг юм. Дундговийн хөгжил Эрдэнэтээс гурав дахин доогуур гарчээ.

Үгийнхээ төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нааштай үзүүлэлттэй, гэрэл гэгээтэй зарим зүйлсийг бас дурдсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын гадаад нэр хүнд өссөн. Үүний тод илрэл нь Чингис бонд. Хоёр дахь ололттой тал бол хууль эрхзүйн орчин сайжирч байна. Олон улсын “Транспренс интернэшнл” байгууллагын мэдээллээр манай улс авлигын төвшнөөр 2011 онд 120-д бичигдэж байсан бол өнгөрсөн онд 94 дүгээр байрт жагссан байна. Ийн нэг жилийн дотор 26 байраар урагшилна гэдэг амжилт” гэсэн юм. Алдаа оноог дэнслэн нягталсныхаа дараа Ерөнхийлөгч Монгол брэндийг дэлхийд таниулахын тулд юун түрүүн бодлогоо тодорхойлохыг санууллаа.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж