Хөгжмийн ертөнцөд романтик сайхан дуунуудаараа танил болсон Канадын нэрт дуучин Майкл Бубле “To Be Loved” нэртэй шинэ цомгоо ирэх дөрөвдүгээр сарын 15-наас фэнүүддээ хүргэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Тус цомогт Бублегийн хамгийн сүүлд гаргасан “It"s A Beautiful Day” синглээс эхлээд сонсогчдын зүрх сэтгэлд хоногшсон хэд хэдэн хитүүд нь багтах аж. “To Be Loved” нь нэрт дуучны найм дахь цомог нь юм. Тэрээр “Mail Online”-д цомгийнхоо талаар ярихдаа “Шинэ уран бүтээлээ удахгүй фэнүүддээ хүргэх гэж байгаадаа баяртай байна, сэтгэл маш их хөдөлж байна. Шинэ цомгийн ажилд миний сайн найз Боб Рок продюссороор ажиллаж байгаа. Бид удаан хугацаанд хамтран ажилласан уран бүтээлийн маш сайн хамтрагчид” хэмээн ярьжээ.
Бубле 2011 онд сонсогчдын хүртээл болгож байсан “Christmas” цомгоороо нэлээд их хэмжээний ашиг олж байжээ. Тухайн үедээ уг цомог долоон сая хувь борлогдож, хамгийн их зарагдсан цомгуудын тоонд багтаж байсан аж. Харин ирэх сараас фэнүүддээ хүргэхэр төлөвлөж байгаа “To Be Loved” цомогт нэрт дуучны “Bee Gees hit To Love Somebody”, “Nevertheless”, “Have I Told You Lately” нэртэй хэд хэдэн хитүүд багтаж байгаа учир фэнүүдэд нь таалагдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн Бубле ирэх зургадугаар сард шинэ цомгийнхоо уран бүтээлүүдээс багтсан тоглолтоо Лондон хотын “Arena 2”-т хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Э.АНХТУЯА