Кино дэлгэц, комик номны баатар, шударга ёсны төлөө тэмцэгч “Бэтмен” бодит амьдрал дээр гарч иржээ. Английн хойд хэсгийн Баруун Йоркширын цагдаагийн газраас мэдээлснээр “Бэтмен”-ий иж бүрэн өмсгөл өмссөн нэгэн залуу өнгөрсөн сард хулгай, луйврын гэмт хэрэгт сэжиглэгдэж буй 27 настай гэмт этгээдийг Брэдфордын цагдаагийн газарт авчирч өгсөн байна. Үүний дараа Брэдфордын цагдаа энэхүү хачирхалтай хэргийн талаарх дэврүүн мэдээллийг “Facebook” хуудсандаа мэдээлж, цахим ертөнцөд шуугиан тарьжээ. “The Joke Shop” дэлгүүрийн менежер Катрины ВВС-д мэдээлснээр “Бэтмен” хулгайчийг барьж өгсөн хэргээс хоёр хоногийн өмнө 20 гаруй насны залуу тус дэлгүүрээс дээрх иж бүрдэл хувцасыг худалдаж авсан гэнэ. Түүнчлэн нууцлаг “Бэтмен”-ийг хэн болохыг мэдэхийг хүсвэл кредит картны нэрээр нь шалгахад хангалттай хэдий ч Катрин түүнд үүнийг нууцлахаа амласан аж. Харин 27 настай сэжигтнийг шүүх хурал ирэх баасан гаригт буюу 8-ны өдөр болох аж.
Б.АНХТУЯА