“Брос Рекордс”-ын продюсер, хөгжмийн зохиолч Г.Онон 10 дахь удаагийн “Гэгээн муза” наадамд нэр дэвшээд байгаа билээ. Түүний хувьд “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын хөгжмийг бичсэн нь тайзны уран бүтээлийн анхных нь юм. Тэр ч утгаараа өнгөрсөн намар үзэгчдийг байлдан дагуулсан энэ уран бүтээл хөгжмийн зохиолч Г.Ононгийн хувьд том туршлага болжээ. Олон улсын театрын өдөр буюу энэ сарын 27-ны өдөр болох драмын урлагийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, шилдэг хөгжмийн зохиолч гээд нийт зургаан номинамцид нэр дэвшиж байгаа юм. Дашрамд дуулгахад, “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг “Гэгээн муза” наадмын хүрээнд УДЭТ-т энэ сарын 22-нд ганцхан удаа тайзнаа дахин тоглогдох нь ээ.
Г.ДАША