Боловсролын газрын дарга нар чуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Боловсролын газрын дарга нар чуулж байна

Аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар нийслэлд номын дуу сонсч байна. Хоёр өдөр үргэлжлэх эл сургалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож, яамны бодлого болоод ирэх дөрвөн жилд хийх ажлаа танилцууллаа. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нараар дамжуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг боловсролын бүх шатанд хэрэгжүүлэх, Монголын ирээдүйн хөгжлийн эздийг бэлтгэх зорилгыг биелүүлэх арга замыг хамтдаа хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох нь зорилготой уг сургалт хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Сургалтад оролцож буй аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт хандаж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Боловсролын газрын дарга нар бол аймаг, дүүрэгт боловсролын манлайлагч нар гэсэн үг. Тиймээс аймаг, дүүргийн дарга нартайгаа сайн хамтарч ажиллах, боловсролын салбарт чиглэсэн ажлаа аймаг, дүүргийнхээ удирдлага ойлгуулж, санхүүжилтээ авдаг байх хэрэгтэйг анхаарууллаа. Багш нараа дэмжсэн, багш нарт эрх мэдэл өгөх чиглэл рүү чухалчлах ажиллах ёстой. Яамнаас гаргаж буй бодлогыг анхан шатанд хэрэгжүүлэх хүмүүс нь Боловролын газрын дарга нар. Зөв, сэтгэлтэй ажиллавал бидний ажил урагшлана. Монголын хөгжил энэ хүмүүсийн гарт байгаа. Боловсролын газрын дарга нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг аймагтаа хэрэгжүүлэх учраас хариуцлагатай ажиллахыг уриалсан. Хариуцлага алдвал  бид мөн хариуцлага тооцно шүү гэдгийг л сануулж байгаа юм” гэлээ.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Боловсролын, шинжлэх ухааны яам энэ жилээс сурах бичгүүдийг өөрсдөө боловсруулна гэж байна. Техник, технологи хөгжиж байгаа энэ үед сурах бичгийн стандарт, агуулга дагаж өөрчлөгдөх ёстой юу. Сурах бичгүүдэд ямар шинэчлэл хийх вэ?

-Сурах бичгийн агуулгын хэмжээг Боловсролын хүрээлэн тогтооно. Монголын төрд  өөрөө шийдвэр гаргадаг институт байх ёстой. Хүн бүрийн хүсэлд нийцэх албагүй ч Монголын хүүхдүүд ийм агуулгаар, ийм хэлбэрээр боловсрол эзэмшинэ гэдгийг тодорхойлох чадвартай Боловсролын хүрээлэн бий болгохоор зорьж байна. Мэдээж туйлширсан түүх, худал уран зохиол гэж байдаггүй. Шинжлэх ухааныг өөрөөр тайлбарладаггүй учраас олон улсын төвшинд, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгийг Монгол хүүхдүүд авч чадах тэр агуулгыг сурах бичигтээ тусгах байгууллага нь Боловсролын хүрээлэн юм. Энэ жилийн хувьд сурах бичгүүдийг шинэчлэхгүй, дараа жилээс шинэчлэгдэж явна.
 
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлэхээр багагүй цаг хугацаа, хөрөнгийг зарцуулсан. Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлэх энэ тогтолцоо хэр үр дүнтэй байв. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой юу?

-Кембрижийн их сургуулийн хувьд гэрээний дагуу бидэнд зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн жишигт нийцсэн боловролын системтэй болохын тулд Кембрижийн их сургуулиас зөвлөгөө авч байгаа. Кембрижийн боловсролын төвөөс Монгол хүүхдүүдээс шалгалт авдаг жижиг рүү орж байгаа. Харин Кембрижийн сургалтын хөтөлбөр  Монголд нийцэхгүй, бидэн Монголын үндэсний стандарт гэж байгаа.  Энэ стандартаар л боловсролын систем явагдана.

-Ачаалал ихтэй сургуулиуд олон бий. Энэ жилийн хувьд сургууль, цэцэрлэг хэр олноор нэмэгдэх вэ?

-Яамнаас төсвийн хүртээмжийн дагуу хөрөнгө оруулалтаа хийнэ. Үүний хажуугаар концессын хуулийн дагуу хийгдэх ажлуудыг УИХ дээр танилцуулсан. Үүнийг шийдүүлж чадвал бид богино хугацаанд маш олон цэцэрлэг, сургуультай болох боломж байгаа. Энэ жил 65 сургууль, энэ тооны цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж