Чавесийн тухай үнэнийг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Чавесийн тухай үнэнийг шаардаж байна

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал, эрүүл мэндийн талаар олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгөхийг шаардаж байсан оюутны байгууллагууд эрхэм ерөнхийлөгч улс орноо, ард түмнээ удирдан залах чадвартай байгаа эсэхийг үнэн зөвөөр мэдээлэхийг шаардаж, дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Фото: REUTERS/ Carlos Garcia Rawlins

Венесуэлийн хэдэн арван мянган иргэн уг арга хэмжээнд нэгдэж, нийслэл Каракас хотын цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Уго Чавесийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг шаарджээ. "Венесуэльд одоо засаг захиргаа гэж алга, ерөнхийлөгч Уго Чавес өвчтэй, хоёр сарын дотор тэрээр ганц ч үг хэлсэнгүй, тэр хүн улс орныг удирдаж чадахгүй байна” хэмээн жагсаалд оролцогсдын нэг, профессор Мария Монтеро хэлсэн байна. Жагсагчид ерөнхийлөгчийн талаар үнэн бодит мэдээлэл авах хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэв. Тэдний үзэж буйгаар уг арга хэмжээнд нэгдэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх нь гарцаагүй гэжээ.

Уго Чавес өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Кубад хорт хавдрын эсрэг мэс засал хийлгэсэн юм. Анх 2011 оны дундуур хорт хавдар туссанаас хойш тэрбээр нийт дөрвөн удаа мэс засалд оржээ. Сүүлийн мэс заслын дараа хоёр сарын турш Кубад эмчилгээ хийлгэж байсан түүнийг хоёрдугаар сарын дундуур гэнэтхэн Каракаст авчирсан юм.

Чавес химийн курс эмчилгээнд оржээ

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавест дахин химийн эмчилгээ хийхээр эмч нар шийдсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг тус орны дэд ерөнхийлөгч Николас Мадурогийн мэдэгдлээс иш татан мэдээлсэн юм. Чавес өмнө нь 2011 онд тэсрэх бөмбөгтэй зүйрлэсэн химийн эмчилгээг нэг бус удаа хийлгэж байсан юм.

Мадурогийн хэлснээр, ерөнхийлөгчийн бие организм нь амьсгалын замын халдварт өвчний дараа сайжирсан учраас эмч нар химийн эмчилгээг эхлүүлэх нь зөв гэж үзсэн байна. “Тэрээр амьдрахын тулд тэмцэж байна. Эмч нар химийн нэмэлт эмчилгээ хийхээр болсон” хэмээн Мадуро мэдэгджээ.

Чавесийг тойрсон цуу яриа

Хэдхэн хоногийн өмнө Уго Чавесийг Гавана хотоос гэнэтхэн нутагт нь авчирч, Каракасын цэргийн эмнэлэгт хүргэсэн. Үүний өмнө түүний Кубын эмнэлгийн тасагт охидынхаа хамт байгаа зургийг нийтэлсэн байв. Гэвч зарим шинжээчид Чавесийн эрүүл мэндийн талаарх албан ёсны гэх мэдээлэлд итгэхгүй байгаа. Тархи нь үхэжсэн учраас хиймэл амьсгааны аппаратаас салгасан гэж Америкийн орнуудын байгууллагад Панамаас сууж байсан Элчин сайд Гильермо Кочес мэдэгдсэн байв. Венесуэлийн эрх баригчид тэр мэдэгдлийг үгүйсгэсэн юм.

Фото: REUTERS/ Ministry of Information/Handout

Венесуэлийн Засгийн газар өнгөрсөн баасан гаригт Чавесийн эрүүл мэндийн талаарх элдэв цуу яриаг таслан зогсоохыг шаардан тус орны тогтвортой байдлыг бусниулах гэж оролдлоо хэмээн олон улсын хэвлэл мэдээллийг буруутгалаа. Гэлээ ч Кубад эмчлүүлэхээр явснаас нь хойш хоёр сарын турш  телевизээр Венесуэлийн лидерийг  ганц ч удаа харуулаагүй билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж