Ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох болсон хүний наймааны гэмт хэрэг хил дамнан үйлдэгддэг. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн охид эмэгтэйчүүд байдаг бөгөөд гэмт этгээдүүд тэдний сул талыг ашиглан гадаадад өндөр цалинтай ажилд зуучлах, гадаадын иргэнтэй гэр бүл болгох нэрийн дор бэлгийн мөлжлөгөөр худалдаалж, ашиг орлого олдог байна.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Хууль зүйн яаманд шилжсэн байна. Иймд Хууль зүйн яам эрүүгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хүн худалдаалах, хар тамхи, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Мөрдөх албыг байгуулахаар төлөвлөжээ. Мөн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, сургалтын арга хэлбэрийг боловсронгуй болгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдын мэдлэг чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж буйн нэгэн алхам нь энэ удаагийн хэлэлцүүлэг аж. Уг уулзалтаар хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлийн төлөөр, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд ярилцаж, цаашид явуулах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Тухайлбал энэ чиглэлд төрийн бус байгууллагуудын оролцоо, туршлага ихээхэн чухлыг онцлож байсан ба ажлын бүтцийг боловсронгуй болгох, чадваржуулах нь чухал гэдэгт санал нэгдэж байв.
Мөн өнгөрөгч хугацаанд энэ чиглэлээр явуулж байсан арга хэмжээний ач холбогдол, үр дүн, алдаа оноог тусгайлан хэлэлцсэн юм. Жишээ нь Итгэлийн утас 1903 ажиллуулах, мэдээлэл өгөх, мэдлэг олгох, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, судалгаа хийх, гадаадын иргэдтэй гэрлэхээр явахын өмнөх мэдээлэл өгөх зэрэг нь тодорхой үр дүнд хүрч буйг онцолж байв.
Тодруулбал, 2006.11 сараас Азийн сан, Канад сангийн дэмжлэгтэйгээр эхлүүлсэн итгэлийн утсанд нийт 5145 дуудлагыг хүлээн авснаас 1472 нь Хүн худалдах гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл ирсэн, үүнээс 134 нь дээрх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон тул туслалцаа үзүүлсэн байна. Ийн хандагсдын 79.5 хувь нь охид, эмэгтэйчүүд, 30 хувь нь 18-25 насныхан, 36 хувь нь ажил, сургуульгүй хүмүүс байв.
Хүн худалдаалах гэмт хэргийн шийдвэрлэлтэнд ч ахиц гарч 2002-2008 онд ердөө хоёрхон хэрэг шийдвэрлэж байсан бол 2008- 2012 оны байдлаар 20 гаруй хэрэг шийдвэрлэгдсэн байна. Гэвч хохирогч, гэрчийн хамгаалалтгүйгээс мэдүүлгээсээ буцах, хэрэг хаагдах, түдгэлзэх, хэрэгсэхгүй болох, он дамжиж, олон удаа буцдаг зэргээс үүнээс ч олон хэрэг шийдэгдэлгүй үлддэг аж.
Зөвлөгөөний үеэр оролцогчид “Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх бүтэц, тогтолцоо, хохирогч гэрчийн хамгаалалт, аюулгүй байдал, хэргийн шийдвэрлэлт, ажилтнуудын аюулгүй байдал, санхүүгийн асуудал” зэргийг шийдвэрлэх шаардлагатайг чухалчилж байв.