“Iberia Аirlines”-ийн ажилчид ажил хаяжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

“Iberia Аirlines”-ийн ажилчид ажил хаяжээ

Испанийн агаарын тээврийн “Iberia Аirlines” компанийн ажилчид өчигдрөөс эхлэн тав хоногийн ажил хаялт эхлүүлсний улмаас 1300 нислэг цуцлагдсан байна. Компанийн зүгээс нислэг цуцлагдсантай холбоотойгоор 38 мянган зорчигчийг өөр авиа компанийн нислэгт шилжүүлж, 2000 зорчигчид нөхөн төлбөр өгчээ. “Iberia Аirlines”-ийн удирдлагууд нийт ажилчдын 19 хувь буюу 3800 ажлын байрыг цомхтгож, үлдсэн ажилчдын цалинг багасгах төлөвлөгөөг эсэргүүцэж, тус компанийн нисгэгч, үйлчлэгч, инженер, техникийн ажилчид ажил хаялт зохион байгуулаад байна.

Компанийн Үйлдвэрчний эвлэлийн зүгээс “Iberia Аirlines”-ийн удирдлагуудыг дээрх шийдвэрээ өөрчлөхгүй бол ирэх 18-ны өдрөөс дахин тав хоногийн хугацаатай ажил хаяна гэдгийг анхааруулжээ.

“Iberia Аirlines” нь Мадридаас Афин, Каир, Стамбул хот руу үйлдэх нислэгийн тоог бууруулсан бөгөөд ирэх сараас Гавана, Санто-Доминго, Монтевидео, Сан-Хуан зэрэг хотууд руу нислэгээ зогсоохоор төлөвлөсөн байдлыг улам хурцатгажээ. Испанийн Засгийн газрын зүгээс “Iberia Аirlines” компанийн удирдлагууд болон үйлдвэрчний эвлэлийн хооронд эвлэрүүлэн зуучлах уулзалт зохион байгуулж, тулган шаардах арга хэмжээ авч байгаа боловч тэдний хоорондох зөрчил үргэлжилсээр байгаа аж.

“Iberia Аirlines”–ийн ажилчид мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас эхлэн ажлын таван өдөр ажил хаялт зарласнаас компани 19 сая ам.долларын алдагдал хүлээсэн юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж