Жүдочид “Дэлхийн цом”-оос дөрвөн медальтай

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Жүдочид “Дэлхийн цом”-оос дөрвөн медальтай

Буурал тивд болдог жүдо бөхийн цуврал тэмцээн дууслаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын сүүл­чийн цуврал тэмцээнүүд болох “Дэлхийн цом” Чехийн нийслэл Праг, Польшийн нийслэл Варшав хотноо болсон юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Варшавт, эмэгтэйчүүдийнх Прагт болж, Монголын жүдочид нийт таван медаль хүртсэн байна.

Варшавын татамигаас 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Г.Болдбаатар 90 кг-ын жинд Х.Цогтгэрэл нар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-оос 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг мөнгө, 52 кг-д А.Цолмон хүрэл медалийн эзэн болжээ.

Мөн энэ үеэр Хонгконгт болсон олон улсын тэмцээнээс Монголын баг нэг алт, таван мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Дэлхийн 15 орны 200 орчим тамирчин зодоглосон тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн 55 кг-д З.Сүхчулуун алт, Ш.Эрдэнэбаатар мөнгө, 60 кг-д Д.Гансүх мөнгө, П.Баасанжав хүрэл, 66 кг-д Р.Цэдэн-Иш хүрэл, -100 кг-ын жинд Б.Гончигжав хүрэл медалийн тавцанд гарчээ. Харин эмэгтэйчүүдээс 45 кг-д Г.Наранцэцэг хүрэл, 48 кг-д Б.Алтанцэцэг мөнгө, 52 кг-ын жинд М.Долгоржав мөнгө, 63 кг-д Ш.Ганчимэг хүрэл, 70 кг-д Б.Хулан мөнгө, -78 кг-д З.Баднаагарав хүрэл медалийн эзэн болжээ.

Монголын жүдочид ийнхүү олон улсын дэвжээнд хүч сорьж байх зуур дотоодод мөн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болсон байна. Увс аймгийн Улаангомд хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд болсон Улаангом политехник коллежийн нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймаг, ОХУ-ын Тува улс, Увс аймгийн сум, сургуулиудаас бүрдсэн нийт 18 байгууллагын 414 тамирчин оролцсон байна. Тэмцээнд багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд Ш.Бат-Очир дасгалжуулагчтай цогцолбор II сургуулийн баг тэргүүлж, Улаангом политехник коллежийн баг, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын багууд удаалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд С.Дугармаа дасгалжуулагчтай Зүүнговь сумын сургуулийн баг түрүүлсэн байна. Харин удаахь байрт Тэс сумын сургууль, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн багууд шалгарчээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж