Дэлхийн кино урлагт өөрийн бүтээсэн олон дүрээр мөнхөрсөн Холливудын нэрт од Харрисон Форд өдгөө 70 насны босго алхаж байгаа ч тэрбээр 2015 он хүртэлх уран бүтээлийн төлөвлөгөөгөө хэдийнэ цаасан дээр буулгаж, ажил хэрэг болгоод эхэлжээ. Форд өнгөрсөн онд “Cowboys & Aliens” киногоор “Saturn Awards”-аас туслах эрэгтэй жүжигчний шагнал хүртсэнээс хойш өнгөрсөн жилийг амралтын байдалтай өнгөрүүлсэн юм. Харин 2013 онд тэрбээр дөрвөн ч шинэ бүтээлд тоглохоор болсон байна. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх, найруулагч Брайан Хелгелендийн “42”, аравдугаар сард нээлтээ хийх, найруулагч Роберт Лукетикийн “Paranoia”, мөн арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болох, найруулагч Гевин Худын “Ender’s Game” зэрэг кинонд тоглож буйгаас гадна арванхоёрдугаар сард мөн түүний тоглосон “Anchorman: The Legend Continues” хэмээх кино үзэгчдийн хүртээл болох ажээ. Харрисон Форд өдгөө Атланта болон Жоржияд “Anchorman: The Legend Continues” киноны зураг авалтад ороод байгаа гэнэ. Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа “Anchorman: The Legend Continues”-ийн найруулагчаар Адам Маккей ажиллаж байгаа юм байна.
Харрисон Форд ирэх 2014 онд “The Expendables 3” нэртэй шинэ бүтээлд тоглох бол 2015 онд алдарт “Оддын дайн” киноны долдугааар цувралд тус тус тоглох гэнэ.
Э.АНХТУЯА