British Airways: 200 гаруй нислэг цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

British Airways: 200 гаруй нислэг цуцлагдлаа

“British Airways” нисэх онгоцны компанийн ажилчид ажил хаялт хийсэн хоёр дахь өдөр Их Британийн “Heathrow” нисэх онгоцны буудал дээр 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Ойрын зайн 200 нислэг цуцлагдсан бол алсын зайн 28 нислэг цуцлагдлаа гэж мэдээллийн агентлагууд тооцоолж байна. Яг хэдэн нислэг цуцлагдсан талаар мэдээлэл өгөхөөс “British Airways” компани татгалзаад байгаа. Компаний удирдлагууд алсын зайн нислэгийн 60 хувийг, ойрын зайн нислэгийн 50 хувийг ажил хаялт болсон ч нисгэх болно гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. Яаралтай үед хэрэглэх нөөц төлөвлөгөө боловсруулж байгаа талаар нисэх компани дурдсан байна.

“British Airways” жилийн энэ үед дунджаар хэдэн нислэг үйлддэг тоогоо ч мэдэгдэхийг хүсэхгүй байна. Гуравдугаар сарын ажил хаялтын үед сэтгүүлчид “British Airways” компанийн вэб хуудсан дээрээс цуцлагдсан онгоцны тоог шууд олж мэдэж болж байсан юм. Харин вэб сайтаа өөрчилснөөс нь хойш цуцлагдсан онгоцны тоог тогтооход хэцүү болоод байна гэж хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

Энэ удаагийн ажил хаялтыг нисэх кабины ажилчид өргөн дэмжиж байгаа бөгөөд нийтдээ 473 алсын нислэгийн багийнхан, ойрын нислэгийн 274 багийнхан даваа гаригт ажиллаагүй гэж нисэгчдийн үйлдвэрчний эвлэлийн “Unite” байгууллага мэдэгдээд байна. Харин 361 багийнхан ажилд ирсэн хэдий ч тэдгээр нь түр зуурын ажилчид, гадаадын гэрээт нисгэгчид байна гэж үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн. Энэ онд зохион байгуулсан ажил хаялт тус компанид багадаа 63 сая паундын алдагдал учруулсан гэж үйлдвэрчний эвлэл тооцож байна. “Unite” үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Тони Вүүдлей /Tony Woodley/ ажил хаялттай тэмцэж цаг, нөөц хүчээ үрж байхын оронд хэлэлцээрийн ширээний ард суухыг “British Airways” компанийн гүйцэтгэх захирал Вилли Волшид /Willie Walsh/ хандаж уриалаад байна.

Одоогоор Вүүдлей, Вилли Волш нарын хооронд ямар нэг хэлэлцээр хийгдээгүй байгаа ч удахгүй хэлэлцээр хийгдэх болно гэж таамаглаж байна. Өмнө нь үйлдвэрчний эвлэл компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийж байсан ч ажил хаялтанд оролцсон ажилчдын хөнгөлөлтийг хүчингүй болгох шийд компанийн удирдлагууд гаргасан тул хэлэлцээр зогссон юм. “Ноён Волш бол маш асуудалтай, аюултай хүн гэж бүх ажилчид үздэг. Тиймээс бид түүний хэлсэн ярьсанд тийм ч хялбар итгэж чадахгүй” гэж үйлдвэрчний эвлэлийн гишүүн Холлей “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж