Х.Мөнх-Эрдэнэ: “Морин хуураа дэлхийд гайхуулмаар байна”

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Х.Мөнх-Эрдэнэ: “Морин хуураа дэлхийд гайхуулмаар байна”

 “Морин хуурын хоёр чавхдасанд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн ялгаа арилж, замбуутив, тэнгэр, бурхан богдсын гурван орон хоорондоо ойртож, үзэхийн гоо жавхлан тодорч, үгүүлэхийн яруу үгс найрч, эгшиглэхийн тунгалаг уянга гурамслан эвсэж, орчлон хорвоо гурван чавхдасны эрхэнд хураагдах болой” хэмээн Г.Мэнд-Ооёо хэлсэн байдаг.

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Адууч , Хүрэлбатын Мөнх-Эрдэнэ гэдэг, хөгжмийн зэмсэг урлаач, судлаач. Бидний бүх түүх адуу гэдэг амьтантай салшгүй холбоотой. Өдөр тутмын болон төр, нийгмийн харилцаа,  гүн ухаан, соёл боловсрол, энэ л амьтнаас эхтэй. Хэдэн мянганы тэртээгээс энэхүү амьтныг гаршуулан, амьдрал ахуйдаа хэрэглэж, нөхөрлөж ирсэн хүн төрөлхтөнд далдын ямар нэг хүч нөлөөлж буйг олж мэдэрсэн өвөг дээдэс маань байгаль эхээ хайрлан залбирч янз бүрийн тайллага, тахилга хийн, учирч буй аюул ослыг зайлуулан домнох нь эдүгээ Монгол угсаатны дээд ёс, заншил болон өвлөгджээ. Адуу гэдэг амьтан бидний хувьд аз хийморь, цог жавхааг илтгэх бэлгэ тэмдэг, шүтээн болсон нь тохиолдлын хоосон зүйл биш агаад сүсэг болоод шинжлэх ухааны нарийн хэлхээс юм.Иймийн учир бид шилдэг хүлгүүдийнхээ дүрийг морин хуурын тэргүүнд дүрслэн, тэдгээр ажнай хүлгүүдийн дэл сүүлээр чавхдаслаж, амьлуулж байдаг өөр хаана ч байхгүй гайхалтай өв соёлтой ард түмэн билээ. Нэхэн сануулахад энэ үйл мартагдаж буй уламжлалын нэг юм. Эрхэм сайн хүлгүүдийн хялгасаар чавхдаслагдсан морин хуур нь хөгжим гэхээсээсээ илүүтэйгээр бидний хайрлаж бишрэх шүтээн, нандигнан нууцлах бурхад билээ.

-Үзэсгэлэнгээ гадаадад дэлгэх гэж байгаа гэсэн. Хаана энэхүү морин хуурын үзэсгэлэн нээлтээ хийх вэ?

-Тайваний Тайбэй хотын төв номын санд зургаадугаар сарын 1-7-ны хооронд Уран дархан О.Эрдэнэчулууны “Монгол дарханы урлахуйн ухаан 3” нэртэй, бурхад болон шашны эд хэрэглэлүүдийн үзэсгэлэнгийн хамтаар  бидний “Дараачийн нүүдэл” нэртэй морин хуур болон язгуур угсааны хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн гаргах гэж байна. Энэ үзэсгэлэнг Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн М.Чойдорж “Тогоруут уул 21 дүгээр зуун” олон улсын форум, Тайваний төв номын сан энэ бүх ажлыг зохион байгуулж байгаа. Дараа нь Тайваний Хуанлин хотод 14 хоног үзэсгэлэнгээ дэлгэнэ.

-Үзэсгэлэнд морин хуураас өөр бүтээлүүд дэлгэгдэх үү?
-Ур хийц давтагдаагүй 13 морин хуур болон хуучир, товшуур, домбор, икил  зэрэг нийт 20 гаруй бүтээл байгаа.

-Эдгээр хөгжмийн зэмсгүүдийн хийц, онцлогийн талаар сонирхуулахгүй юу?
-Онцлог нь хаад, хатдад зориулагдсан юм /инээв/. Одоо үед морин хуур ихэвчлэн модон цартай болсон. Барууны соёл орж ирсэнтэй холбоотойгоор бидний соёл ч өөрчлөгдсөн. Энэ соёл гээч морин хууранд маань ч нөлөөлсөн. Бууран гуай зэрэг бидний ахмад үеийнхэн морин хуурыг модон цартай болгож, хийл хөгжмийн технологитой холбон тайзан дээрээс, нөгөө барууны сонгодог хөгжмийн зохиолыг тоглоход ойртуулж өгсөн. Энэ бол морин хуурын маш том дэвшил гэж бодож байна. Харин бидний  урласан хөгжмүүд аварга могойн, зээрийн, бодонгийн арьсаар хийсэн ширэн цартай. Арьсан цартай хуур хөгжим Монгол гэрийн акустикт тохирсон байдаг. Монгол гэртээ хөөмий, уртын дуу, ерөөл магтаал, туульс хайлахыг сонсохоор үнэхээр цаг хугацаа зогссон мэт санагддаг. Бас нэг онцлог гэвэл аргамаг сайн хүлгийн дэл сүүлээр бэлгэдэн чавхдаслаж байгаа юм. Ширэн цартай хуурнууд бүгд адууны хялгасаар чавхдаслагдсан. М.Шийтрийн Засаг төрийн зандан ширээ Зээрд азарга, О.Маарын Түмний эх Хээр азарга, Толин хул, Эрдэнэчулуун гуайн Шарга гээд  аргамаг хүлгүүдийг хуур хөгжмөндөө амилуулж байгаа. Гэхдээ эдгээр аргамаг хүлгүүдийн цөөхөн хэдэн хялгас л орсон. Завшааныг ашиглаад маш ховор гэж болох эдгээр хүлгүүдийн хялгасыг олж өгсөн уяач Цэвээн ахдаа талархаж буйгаа дамжуулъя. Бүтээлүүдийн хувьд өөр хоорондоо бүгд хийцийн хувьд ялгаатай. Тэр бүх онцлог ялгааг үзэж байгаа хүний сэтгэл зүрх хэлэх байх. Ер нь дүрслэх урлагийн бүхий л төрлүүд шингэсэн дээ. Зураг, дархан, уран баримал гээд л. Бидэнд нэг зүйл бий, тэр нь юу гэхээр Монголчууд морин хуурыг өөрөө эрдэнэ учраас элдэв чимэг, алт эрдэнэс суулгаж болдоггүй гэдэг. Харин энэ бүтээлүүд алт мөнгө, үнэт чулуу эрдэнэсээр дүүрэн. 

-Эдгээр морин хууруудыг ямар хугацаанд урласан бэ?
-Гурван жил зарцуулсан. Надад морин хуур хөгжмийг урлах хийгээд, дотоод гүн ухаан, нарийн дэг ёс, ер нь л хууртай холбоотой сэтгэлийн чанар бүхнийг миний нагац ах  Дэлгэрбаяр зааж сурган багшилдаг юм. Эдгээр бүтээлүүд бүхэлдээ тэр хүний сэтгэлийн илрэл. Би ч гэсэн үүнийг дараагийн хойч үедээ уламжлах болно. Яг эдгээр бүтээлүүд бол хаашаа ч гараагүй, хэнд ч дэлгээгүй гурван жилийн хугацаа өнгөрч. Бүтээлүүдээ бэлэн болгочихоод ард түмэндээ дэлгэх цаг хугацаа байхгүй байсан болохоор өнгөрсөн дөрвөн сарын 30-нд төрийн хүндэтгэлийн өргөөнд “Монгол төрийн гал голомт” ариун байхыг бэлгэшээн анхныхаа аялгуу эгшгийг дуурсган жижигхэн ёслол үйлдсэн. Монгол улсын төрийн ёслолын албаны залуучууд, дарга Батсайхан энэ бүхнийг сэтгэлээсээ ойлгож дэмжсэнд үнэхээр их баяртай байгаа.

-Морин хуурыг ямар модоор урладаг бэ?
-Сайн модоор /Инээв/. Хус, гацуур. Ямар ч модоор хийж болно л доо. Нутаг нутгийн онцлог байгаа. Гагцхүү морин хуур бүтээх мод нь ариун байх шаардлагатай. Хаа хамаагүй газраас мод огтлоод байж болохгүй. Монголд эдгээр модыг тайрахыг хориглосон журамтай. Энэ маш зөв гэж боддог. Морин хуур бүтээхэд “мод” гэдэг  маш том гүн ухаан байдаг. Энэ бүх зүйлийг яривал хэдэн боть болох биз. Бас гаднаас улаан мод авч хийдэг.

-Мэдээж гадаадад үзэсгэлэнгээ гаргах амаргүй байх л даа. Санхүүгээр туслаж, дэмждэг хүн байгаа юу?

-Энэ бүтээлүүд гурван жилийн хугацаанд хийгдэхэд бүх л санхүүгийн асуудлыг өөрсдөө, ар гэрийнхнийхээ дэмжлэгтэйгээр зохицуулсан. Тайваньд гарах гэж байгаа энэ үзэсгэлэнгийн асуудлыг мөн л өөрсдөө хариуцаж байна. Гэхдээ бид энэхүү үзэсгэлэнгээ зөвхөн Тайваньд гаргаад зогсохгүй  Дэлхийн олон хот газраар явах төлөвлөгөөтэй байгаа. Үүнд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай нь мэдээж. Япон, Солонгос Орос, Хятад, Энэтхэг, магадгүй Арабын ертөнцөд ч очих болно. Энэ талаар хүмүүстэй уулзаж, ярилцаж байгаа. Ингээд Европ, Америк тивүүд дээр ч  очиход болохгүй гэх газаргүй. Монгол улсаа, өөрсдийн өв, эх соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд бидний хийж чадах зүйл бол энэ л байна.  Энэ тал дээр хамтран ажиллах хувь хүн, байгууллагууд байвал бид хүндэтгэлтэйеэ хүлээн авна. Бид нар аялал жуулчлалыг хөгжүүлье, аль болох олон зочдыг хүлээн авъя гэж их ярьдаг. Бодит ажил бол энэ юм. Өөрсдөө жуулчдыг Монголдоо татахын тулд тухайн оронд нь очиж, соёл урлагаа танилцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн цацах хэрэгтэй. Үүнийгээ кино болгон гаргах нь нэлээн том сурталчилгаа. Хөгжмийн гайхамшигт эгшиг сонссон  гадны жуулчид тал  нутагт нь,  монгол гэрт нь энэ аялгуу эгшгийг сонсохыг хүсэх л болно. Энэ үзэсгэлэн зөвхөн морин хуурынх биш, бид өөрсдийн бичиг соёл, үндэсний хувцас, дуу хуур бүгд хамт явж байгаа.  Бидний эхлүүлж буй энэ бүх үйл олон улсын соёлын харилцааны хэмжээнд хүрч байгаа. 

-Монголд энэ үзэсгэлэн хэзээ дэлгэгдэх вэ?
-Энэ мөчийг ямар их хүснэ вэ /инээв/ Ирэх долдугаар сард наадмын үеэр үзэсгэлэн тоглолтоо ард түмэндээ дэлгэн харуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор хаана болох нь хараахан шийдэгдээгүй байна.

-Үзэсгэлэнгийн үеэр хэрвээ худалдаж авахыг хүсвэл бүтээлүүдээсээ зарж борлуулах уу?

-Хэрвээ бидний төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл нэг жил тойрон гадаадаар явах бодолтой байгаа. Энэ нэг жилийн хугацаанд бүтээлүүдээ зарахгүй. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс бол сайн мориныхоо дэл сүүлнээс өгөөд яг өөрийн хүсч байгаа тэр морин хуураа захиалж болно. Морин хуурыг бид хөгжим талаас нь, мөн тухайн хүний өөрийнх нь онцлогт тааруулан урладаг. Жишээ нь, тэр айлд ямар чулуу ээлтэй гэх мэт. Мод болон хийх материалууд нь бэлэн байгаа тохиолдолд нэг сарын хугацаанд урлаж болно. 

-Хэрвээ гадныхан сонирхвол яах вэ?
-Бид үзэсгэлэн гэж авч явчихаад зарж борлуулж болохгүй, тоо ёсоороо эргэж ирэх ёстой. Одоо ч гэсэн нэг морин хуураа худалдаач гэсэн санал ирсэн байгаа.  Монголын шилдэг хүлгүүдийн торгон сүрэг эдгээр хуурнуудад амилан тодорч байгаа. Тиймээс одоохондоо салган, заръя гэж бодохгүй байна. Гэхдээ хамтран ажиллах хувь хүн албан байгууллага байвал дээр дурдсанаар хүндэтгэлтэйеэ хүлээн авна.

-Урьд нь ямар үзэсгэлэн гаргаж байв. Гадаадад гаргаж байсан уу?
-Урьд өмнө морин хуур болон Монголын язгуур хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн гадаадад  гарч байсан тохиолдол ховор болов уу. Бараг анх удаа ч байж мэднэ. Үүгээр дамжуулан бид өөрсдийн соёл, ёс заншлаа л харуулж байгаа. Монгол дээл,  уртын дуу, хөөмийгөө  алдлаа гээд хашгираад, айгаад байдаг, өөрсдийн энэ өв уламжлалаа сэтгэл зүрхээрээ хийж чадаж байвал үүнээс айгаад байх зүйлгүй болов уу. Тэртээ тэргүй тэр дээлээ тайл, энэ хөөмийгөө хархирахаа боль гэж л хэлэхгүй байх. Өнөөдөр та ЮНЕСКО-д хадгалагдаж байдаг морин хуур хөгжмийн зэмсгийг харж байсан уу? Би л лав хараагүй.

-Яагаад заавал морин хуур хийх болов?
-Хүсээд л. Манай гэр бүлд урлагийн хүн олон. Миний өвөө Наваанжанцан Засгийн газрын ордон, Их тэнгэрийн ам зэрэг барилгуудыг барилцсан гайхалтай инженер хүн. Мөн нагац өвөө, манай эмээгийн үеэл, уран Жамбаа Монголын дүрслэх урлагийн нэгэн үеийг төлөөлдөг. Одоогийн өндөр Жанрайсагийг бүтээлцсэн бурхны номын хүн. Түүнээс уламжилсан Дэлгэрбаяр одоо миний багш. Энэ бүхнийг үргэлжлүүлэхийг үнэхээр зүрх сэтгэл минь хэлж байдаг. Бид тэгээд удам угсаа, гарал үүслээ сайн мэдэж байх хэрэгцээ нэгэнт ирсэн байна. Өөрөө өөрсдийгөө, хэний хэн бэ, хаанаас ирснээ мэдэж байвал нэг их санаа зовоод, чи хар, би шар гээд туйлшраад байх явдал байхгүй болов уу. Даяарчлалд нэгэнт орж буй энэ үед одоо бид жаахан бодолтой байвал  үнэхээр сайхан ирээдүй байгаа гэж бодогддог. Хамгийн гол нь хайр, сэтгэл зүрх л чухал гэдгийг одоо ойлгоцгоож байгаа байхаа. Хүн хүнийгээ хайралъя, өвгөд нь залуусаа, залуус нь дүү нараа ойлгоод хайрлах юм бол бидэнд оюуны болоод эд материалын бүх л баялаг байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа, та бүхэнд. Энэ мэдээ илүү олон хүнд хүрээсэй. Дэмжээсэй. Бидэнд дэмжлэг туслалцаа үнэхээр хэрэгтэй байна. Эргээд бид ямар нэг зүйл амлахгүй ч сэтгэлийг уяраагч морин хуурын эгшгийг хэзээ ч үл тасраасай, монгол хүний ухаан хэзээ ч бүү ширгээсэй хэмээн дараа, дараагийн хойч үе, үр хүүхдүүддээ үлдээж буй түүх, өв хөрөнгө юм. Хаад хатад, хутагт хувилгаадын үр сад та бүхний мэлмий тунгалаг, оюун саруул, хийморь босоо, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж