“Мотив” хамтлагийнхан өнгөрсөн амралтын өдөр “Exclusive” хоёр дахь бие даасан цомгийн баяраа “iLoft function house”-д “BLACK & WHITE” шоуг хийсэн юм. Шинэ мэдрэмж, эрч хүчээр хөглөх цомгийн ихэнх дууны үгийг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ зохиожээ. Цомгийн баярт ирсэн фенүүддээ тэд шинэ уран бүтээлээсээ танилцуулан хуучны хит дуунуудаараа ч бэлэг барьсан юм. Мөн энэ үдшийг чимсэн олон зочдын нэг бол яах аргагүй поп дива Т.Ариунаа байсан юм. Тэрээр “Мотив” хамтлагийнханд цомгийн баярыг нь хуваалцан “Жаргаж үзээгүй зул дурлал минь” дуугаараа үзэгчдийг уяраан “Догь байгаа биз” дуугаараа доргиов. “Түүнийг тайзнаа хараагүй удсан болоод ч тэр үү энэ үдэш “догь” Ариунаатай дуулах сайхан байна шүү” хэмээн гэрэл зургаа татуулах гэсэн залуус тайзны ард хүлээж байгаа харагдсан шүү.
2010 онд “Хайрын гэгээ” анхны бие даасан тоглолтоо хийж байсан “Мотив” хамтлагийнхан гурван жилийн дараа хоёр дахь цомгоо худалдаанд гаргаж байгаа нь энэ юм. “Exclusive” цомгийн “BLACK & WHITE” шоуг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо хөтлөн үзэгчдэд хамтлагийн түүхийг ярин эргэн дурсахуйгаар аялуулсан бол мөн тайзнаа “Хар сарнай” хамтлагийн Амараа ээлжит дуулианыг тарьсан.
Дашрамд дуулгахад, “Мотив” хамтлагийн шинэ цомог 15 мянган төгрөгийн үнэтэйгээр “Hi Fi CD shop”-ын сүлжээ дэлгүүрүүд болон “UBS CD shop”-оор худалдаалж гарчээ.