Төгс “Улаан дөрвөлжин”

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Төгс “Улаан дөрвөлжин”

“Улаан дөрвөлжин” хэмээх киноны трэйллер сүүлийн өдрүүдэд телевизээр цацагдан галзуугийн эмнэлэг, ширүүхэн дарга, цагдаа гаран үзэгчдийн сонирхолыг татаад байгаа билээ. “Hamba” фильм студийн ээлжит уран бүтээл  “Улаан дөрвөлжин” сэтгэл зүйн драм уран сайхны кино саяхан “Тусгаар тогтнол”-ын ордонд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл боллоо.

“Улаан дөрвөлжин” киноны үйл явдал сэтгэл мэдрэлийн эмнэлэгт өрнөдөг хэдий ч найруулагч Б.Ганболд уг үйл явдлаар дамжуулан галзуугийн эмнэлэгийн тухай бус өнөөгийн галзуурчихаад байгаа нийгмийн дүр төрхийг үзэгчдэд үзүүлэхийг зорьжээ. Тэрээр ямар нэгэн нам, хувь хүний захиалгаар уран бүтээлээ хийгээгүй нийгмийн шаардлагаар дэлгэцийн бүтээлээрээ дамжуулан дуу хоолойгоо хүргэж байгаа гэдгээ онцлон хэлсэн юм. Тиймдээ ч киноны үйл явдал сэтгэцийн эмнэлэгийн дарга, эмч нар болон сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийн хоорондын харилцаагаар төлөөлүүлэн өнөөгийн хайрцлагдсан нийгмийг харуулахыг зорьсон аж. Киноны гол дүрүүдийн нэр Даваа, Мягмар, Лхагва, Бархасбадь, Сугар, Буд гээд долоо хоногийн гаригуудаар нэрлэсэн бөгөөд киноны үйл явдал ердөө л нэг долоо хоногт л багтдаг гээд сонирхол татахуйц зүйлс олон байлаа. Кино багийнхан үзэгчид уг бүтээлийг нь үзэн өөрийгөө чухам тэрхүү хайрцлагдсан нийгмийн хаана нь оршин байгаагаа дүгнэн гарах гарцыг хамтдаа хайгаасай хэмээн хүсчээ.

Сэтгэл мэдрэлийн эмнэлэг нийгмийн хувьд “хаалттай” ертөнц бөгөөд эмнэлэгийн дарга  Даваа /Ц.Төмөрбаатар/ тэнд тусгай журмыг тогтоон, “амаа хамхиж” чаддаг хүмүүсээр өөрийгөө хүрээлжээ. Харин шинээр ирсэн залуухан эмч бүсгүй /Д.Ганцэцэг/ түүнд таалагдахгүй байв. Гэтэл сэтгэцийн байдлыг нь тодорхойлуулахаар цагдаагийн газраас явуулсан гэмт хэргийн сэжигтэн эмнэлэгт ирнэ. Хэдийгээр гэмт хэрэгтэн түр зуурын цочролд орсон  байсан ч эмнэлэгийн дарга түүнийг эдгэшгүй хүнд өвчтэй мэтээр ойлгуулж, эмнэлэгтээ авч үлдэн залуу эмчид хариуцуулан өгнө. Тус эмнэлэгт архинд донтогч, урлагийн дэмийрэгч, номын цагаан солиот, хардлагын дэмийрэлт, төрөлхийн оюун ухааны хомсдолтой хүү, өөрийгөө бөө болох байсан хэмээн дэмийрэгч бүсгүй, тоглоомны донтон хүү зэрэг өөрсдийн гэсэн ертөнцдөө л амьдардаг олон өвчтөнүүд байдаг. Шинэ өвчөн ирсэнээс хойш тэд байдал өөрчлөгдөнө. Харин залуу эмч эмнэлэгээс явахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Чухам дарга санасандаа хүрч бүх зүйл хэвээр үлдсэн үү, эсвэл өөрчлөгдсөн үү гэдгийг та “Улаан дөрвөлжин” киноноос үзээрэй.

Уг бүтээлийг “Z frame”, “Nesco  film sound” студи хамтран бүтээжээ. Кино зохиолыг Д.Золзаяа, Л.Таванбаяр нар бичсэн бол ерөнхий найруулагчаар Б.Ганболд, ерөнхий зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од нар ажиллажээ. “Улаан дөрвөлжин” киноны гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Н.Ялалт, А.Баттүшиг, Э.Батхүү, Б.Анхбаяр, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг, Гавьяат жүжигчин Д.Равдан, Гавьяат жүжигчин С.Дамдин нар тоглосон аж. 

“Улаан дөрвөлжин” кино “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудын дэлгэцээр гарч байгаа юм.

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж