-Монголбанк хүүний коридор нэвтрүүлсэн гэсэн. Бодлогын хүүнд бол өөрчлөлт ороогүй гэж ойлгосон. Тэгэхээр хүүний коридор гэсэн ойлголтоос яриагаа эхлэх үү?
-Хүүний коридор нэвтрүүлэх шийдвэр бол Мөнгөний бодлогын зөвлөлөөс энэ онд гаргаж буй хоёр дахь шийдвэр нь юм. Зөвлөл анхны хурлаараа бодлогын хүүг 13.25 байсныг 12.5 хувь болгож бууруулах шийдвэр гаргаж байсан бол энэ удаа банк хоорондын захын хүүний хэлбэлзэх муж буюу хүүний коридорыг нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ бол зөвхөн хүүг төдийгүй түүний хэлбэлзэх мужийг тодорхойлдог орчин үеийн төв банкны практиктай нийцтэй алхам юм. Товчхондоо бол банкуудын өөр хоорондоо хийж буй хэлцлүүдийн хүү нь хүүний коридорын хүрээнд буюу 10.5-аас 14.5 хувийн хооронд хэлбэлздэг болно гэсэн үг. Ингэхдээ эдгээр хэлцлийн хүү нь хүүний коридорын төв буюу бодлогын хүү рүү ойрхон тогтох юм.
-Банкуудын хадгаламж, зээлийн хүү 10-14 хувийн хооронд тогтоно хэмээн зарим телевизээр мэдээлээд байгаа?
-Үгүй ээ тийм биш. Хүүний коридор бол банк хоородын захын хүүнд нөлөөлөх зорилготой. Харин банк хоорондын захын хүү нь цаашлаад хадгаламж, зээлийн хүүнд шууд бус замаар нөлөөлөх учиртай. Түүнээс хүүний коридороор банкуудын хадгаламж, зээлийн хүүг тогтоож байгаа хэрэг биш юм.
-Банкуудын өөр хоорондоо санхүүжилт өгч, авах хүү дээд доод хязгаартай болж байна гэж ойлголоо. Үүний ач холбогдол нь юу байдаг юм бол?
-Банк хоорондын захын хүүг дээр доороос нь хашиж, тодорхой интервалд оруулж байгаа болохоор хүүний савлагаа үүсэхгүй. Хүүний түвшин огцом савлахгүй, тогтвортой байвал хөрөнгө оруулалт тогтвортой, улмаар эдийн засгийн савлагаа багатай байна гэсэн үг. Харин асуудлыг мөнгөний бодлого талаас нь авч үзвэл бодлогын хүүний эдийн засагт нөлөөлөх чадвар үлэмж нэмэгдэнэ.
-Коридор нэвтрүүлснээр банк хоорондын захын хүү энэхүү коридорын дотор хэлбэлзэх баталгаа нь юу юм бэ?
-Хүүний коридорын дээд хязгаар нь 14.5 хувьтай овернайт репо санхүүжилтийн хэрэгслийн хүү байгаа. Тэгэхээр банк эзэмшиж буй үнэт цаасаа барьцаалан Монголбанкнаас 14.5 хувийн хүүтэйгээр зээл авах боломж нээлттэй байгаа тул өөр банкнаас 14.5 хувиас өндөр хүүтэй мөнгө зээлж авахгүй. Нөгөө талаас банк Монголбакинд 10.5 хувиар овернайт хадгаламж байршуулах боломжтой тул үүнээс доош хүүтэй хэлцэл мөн хийхгүй. Өөрөө хэлбэл, 14.5 хувиас илүү хувиар хэлцэл хийвэл банк алдагдал хүлээх бол 10.5 хувиас бага хувиар хэлцэл хийвэл банкны хувьд олох боломжтой байсан орлого нь багасна гэсэн үг. Мэдээж ийм үйлдэл хийх банк олдохгүй биз ээ.
-Хүүний коридор ийм олон талын ач холбогдолтой юм бол коридорын өргөнийг бүр нарийнаар тогтоож болоогүй юм уу? Тухайлбал нэмэх хасах 1 хувь ч юмуу аль эсвэл нэмэх хасах 0.5 нэгж хувиар?
-Хүүний оновчтой коридорын талаар олон тооны судалгаа шинжилгээ бий. Олон улсын туршлагаас харахад коридорын өргөнийг ихэвчлэн 0.25-аас 2 нэгж хувиар тогтоосон байдаг. Манай коридор харьцангуй өргөн буюу 4 нэгж хувь дотор байгаа. Ерөнхийдөө банк хоорондын захаа хөгжүүлэх шаардлагатай үед коридороо өргөнөөр тогтоогоод, харин тус зах хөгжихийн хэрээр коридороо нарийсгадаг практик бий. Мөнгөний бодлогын зөвлөл эдгээр олон улсын туршлагыг харгалзахын зэрэгцээ банк хоорондын захын хүүний сүүлийн 3 жилийн хэлбэлзэлд суурилан хүүний коридорыг хоёр талдаа тэгш хэмтэй, эхний ээлжинд нэмэх, хасах 2 нэгж хувь байхаар шийдвэрлэсэн.
-Бодлогын хүү өөрчлөгдөхөөр коридор яах вэ? Бодлогын хүү ойрд өөрчлөгдөх үү?
-Бодлогын хүүг өөрчлөх эсэхийг Мөнгөний бодлогын зөвлөл шийднэ. Зөвлөлийн хуралдах дараагийн тов удахгүй тодорхой болох байх. Хүүний түвшин, хүүний коридор хоёр бол цогц асуудал юм. Иймд мөнгөний бодлогын зөвлөлөөс шаардлагатай гэж үзвэл цаашид нэмэх, хасах 2 нэгж хувиа ч өөрчлөхийг үгүйсгэхгүй.
-Та дээр коридор нэвтрүүлснээр хадгаламж, зээлийн хүүнд шууд нөлөөлөхгүй гэлээ. Жирийн иргэд бол хүүний коридор зээлийн хүүнд ямар нөлөөтэй юм бэ л гэдгийг сонирхоно?
-Хүүний коридорыг нэвтрүүлснээр одоо үйлчилж буй Төв банкны хүүний бүтцэд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, овернайт зээл 21.5 хувь байсан бол одоо 14.5 хувь болж Монголбанкнаас авах санхүүжилтийн хүү бодит утгаараа буурч байгаа юм. Нөгөө талаас овернайт хадгаламжийн хэрэгслийг шинээр бий болгосноор банкууд илүүдэл нөөцөө дан ганц Төв банкны үнэт цаасанд байршуулах шаардлагагүй болно. Монголбанкаас банкуудад олгох санхүүжилтийн хүү бууч, банкуудын зээлжих боломжтой сул эх үүсвэр нэмэгдсэнээр зээлийн хэмжээ ч нэмэгдэж, улмаар зээлийн хүү буурахад нөлөөлөх юм. Мөнгөний бодлогын зөвлөлөөс коридорыг нэвтрүүлэхдээ зээл олголтын улирал эхэлж буйг, эдийн засгийн идэвхжлийг дэмжих шаардлагатай байгааг давхар харгалзан үзсэн гэдгийг мөн онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Шинээр нэвтрүүлж буй хүүний коридорын талаар арилжааны банкуудын төлөөллөөс тодрууллаа:
ХХБ-ны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Гантөмөр: Хүүний коридор гэдэг ойлголт өмнө нь байгаагүй биш байсан. Гэхдээ зах зээлрүүгээ илүү ойртуулж байна гэж харж байна. Төвбанкны хувьд банк хоорондын захыг илүү идэвхижүүлэх, бодлогын шийдвэрийг илүү үр ашигтай байх талаас нь харж энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа. Үр дүн нь удахгүй гарах байх.
Голомт банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал М.Мөнхбаатар: Бодлогын арга хэрэгслийг шинэчилж байгааг дэмжиж байгаа. Хүүний коридор нарийсахаар банкуудын банк хооронд өгч, авдаг хүү тогтворжино. Улмаар банк хоорондын идэвхижил муутай байгаа зах зээл идэвхижих дүр зураг харагдаж байна. Түүнчлэн Монголбанкны хүүний хугацаа багассанаар банкууд банк хоорондын зах дээр өөр хоорондоо харилцах нь нэмэгдэх юм. Энэ нь арилжааны банк талаасаа хөрвөх чадварыг сайжруулах, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх, нөөцийн удирдлагыг илүү сайжруулах боломж бүрдэнэ. Ингэснээр харилцагчиддаа санал болгодог хадгаламж болоод зээлийн хүү буурах боломжийг олгох давуу талтай.
Хадгаламж банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирлыг түр орлон гүйцэтгэгч П.Нямбаяр: Шинээр нэвтрүүлж буй бодлогын арга хэрэгслийг дэмжиж байна. Энэ нь Төвбанкны бодлогын хүүгийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, арилжааны банкуудын нөөцийн удирдлагыг сайжруулах сайн талтай болсон байна. Хүүгийн түвшинг илүү тогтворжуулж өгснөөр банк хоорондын захын арилжааг идэвхижүүлэх сайн талтай гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.