“Хурд” эмэгтэйчүүдийг магтан дуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

“Хурд” эмэгтэйчүүдийг магтан дуулна

“Ханьдаа дуулъя” хэмээх нэртэй тоглолт анх 15 жилийн өмнө Мартын 8-ныг тохиолдуулан бүх сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд зориулан тоглогдож байсан. Энэхүү тоглолт тухайн үедээ л залуусын хамгийн орох дуртай байсан “Top Ten” клубт буюу одоогийн Төмөр замын “Эргэн дурсахуй”-д болж байсан. Магадгүй энэ түүхийг уншаад ямар хамтлагийн талаар бичсэнийг минь төвөггүй тааж байгаа бол уу. Энэ бол “Хурд”. Тэд 14 жилийн турш жил бүрийн гуравдугаар сарын 7, 8-нд бүсгүйчүүддээ зориулан бие даасан VIP тоглолтоо хийсээр ирсэн юм. 15 дахь удаагаа эгшиглэх гэж буй “Хурд”-ын “Ханьдаа дуулъя” тоглолт энэ удаад “Irish” пабд энэ сарын 8-нд 19.00 цагт ганцхан удаа эгшиглэх гэж байна. Мэдээж энэ л үдэш бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан “Хурд” хамтлагийн үе үеийн хит дуунууд эгшиглэх нь ээ. “Irish” пабд болох уг “unplugged” тоглолт тун ч өвөрмөц болно гэсэн шүү. Уг тоглолтоо тэд энэ жил тохиож байгаа 20 жилийн ойн эхний бэлэг болгон фенүүдээ хүргэхээр зэхээд байгаа юм.

Тиймээс “Хурд”-ын “суудал хязгаартай, тоглолт сонирхолтой” гэсэн уриан дор болдог “Ханьдаа дуулъя” тоглолтын хувьд энэ жил 200 тасалбар л худалдаалах аж. Цэнгүүн гэдэг утгаараа тусгайлан цөөн үзэгчдэд хүрэх уг тоглолтын тасалбар 160 мянган төгрөг ба баярын үдэш амттан сөгнөсөн ширээнд тухлан дуу хуураар хөглөгдөөрэй. 

Тоглолтын бас нэг онцлог гэвэл Хурдынхан “Christian Dior”-ын Монгол дахь албан ёсны дистрибьютортой хамтран 11 дэх жилдээ бүсгүйчүүдээ баярлуулсаар ирсэн уламжлалтай юм. Энэ өдөр бүсгүйчүүддээ онцгой бэлгүүдийг барихаар зэхжээ. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж