
Тэр дундаа мах, сүүг хэрхэн олон улсын жишигт нийцүүлж үйлдвэрлэх вэ. Монголчуудаа хямд үнэтэй мах, ориг сүүгээр хангахын тулд малчид, үйлдвэрлэгчдэд юу дутагдаж байна вэ зэрэг асуудал хамгийн чухлаар тавигдав. Тухайлбал, Монгол малын цагаан идээнээс дэлхийн брэнд болгох боломжтой нь бяслаг аж. Гол нь стандарт бий болгож, түүнийг нэвтрүүлэх нь чухал болохыг оролцогчид онцолж байна. Харин монгол малаас гарах сүүгээр эхлээд монголчуудынхаа хэрэгцээг хангах нь чухал аж. Жил бүрийн мал тооллогоор 40 гаруй сая толгой мал тоологддог атлаа гадаадаас их хэмжээний сүү импортоор оруулж ирдэг. Тэдгээр нь гол төлөв хуурай сүүгээр найруулсан сүү байх нь элбэг. Гэтэл хүн өдөрт 430 мг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжтой бөгөөд 175 мг нь цэвэр шингэн сүү байна гэх олон улсын жишиг байдаг аж. Харин манайд энэ жишиг төдий л хэрэгждэггүй. Тухайлбал, Улаанбатаарчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээг 75 сая литр сүү байж хангах ёстой гэнэ. Гэтэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гаргасан судалгаагаар өнгөрсөн жилийн хувьд 41.8 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрийн аргаар боловсруулагджээ. Ингэхдээ дээрх боловсруулагдсан сүү, сүүн бүтээгдэхүүнээс ердөө 10 сая орчим нь үнээний цэвэр сүү бол үлдсэн нь хуурай сүүгээр орлуулсан бүтээгдэхүүн аж. Тиймээс монгол малаас гарах сүүг бүрэн ашиглаж хот суурин газрынхны хэрэгцээг хангах нь чухал байгааг форумд оролцогчид тэмдэглэлээ.