“Монгол брэндийг бий болгоно” уриатай “Монголын эдийн засгийн форум-2013” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдаан “Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь” сэдвийн дор өрнөлөө.
Хөнгөн үйлдвэрийн салбараас дэлхийн брэнд бүтээгдэхүүн “төрүүлэх” боломжит бүтээгдэхүүн бол ноолуур аж. Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Д.Цогтгэрэлийн тэмдэглэснээр Өвөрмонголчууд жилдээ 2000 тонн ноолуур боловсруулаад 1 тэрбум 300 сая ам.доллар олдог бол монголчуудын хувьд 6000 тонн ноолуур авдаг атлаа 300 сая ам.доллар л олдог аж. Өөрөөр хэлбэл, монголчуудын авч байгаа ноолуурынх нь хэмжээ өвөрмонголчуудынхаас гурав дахин их атлаа олж байгаа ашиг нь ердөө 300 сая ам.долларт эргэлдэж буй нь энэ төрлийн бүтээгдэхүүнээ боловсруулж чаддаггүйтэй холбоотой аж. Судалгаагаар Монгол Улс жилд гарч байгаа ноолуурынхаа ердөө 10 хан хувийг эцсийн бүтээгдэхүүн болгодог байна. Мөн урд хөрш рүү жилдээ 3000 тонн угаасан болон бохир ноолуур экспортлдог гэх мэдээлэл байна. Хэрвээ ноолуурыг түүхийгээр нь экспортолдог урсгалыг зогсоож, бүх ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд нийлүүлж чадвал 3 их наяд төгрөгийг босгох бүрэн боломж бийг Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд онцоллоо. Тэгвэл ийм боломж бололцоог хэрхэн бий болгох вэ?
Монголын ноос, ноолуур эрхлэгчдийн холбооны тэргүүн н.Ёндонсамбуу “Дэлхий нийтийн туршлагаар бол боловсруулах үйлдвэр нь эргэлтийн хөрөнгөө банкны зээлээр бүтээдэг аж. Харин манайд ийм боломж бололцоо хүнд. Арилжааны банкны зээлийн хүү жилийнх нь 14 хувиас дээш байгаа нь үйлдвэрлэл эрхлэгчид зээл хөөцөлдөөд үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй байдаг аж. Тиймээс энэ чиглэлд төрөөс зайлшгүй тусламж хэрэгтэй байна” гэлээ. Тэгвэл эдийн засгийн ухааны доктор н.Янсанжав Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд стандарт бий болгох шаардлагатайг сануулж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ асуудалд Монголбанкны бодлогын хүү өндөр байгаа нь эргээд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусдаг тухай тодотголоо. Түүний тайлбарласнаар Төр засгийн тэргүүнүүд гадаадад айлчлахаараа зээл тусламж хүсдэг, үүний оронд “Монгол Улсад экспортолж болох ийм бүтээгдэхүүн байна, түүнийг та бүхэн ав” гэдэг наймааг хийж чадвал энэ нь эргээд Монголын үйлдвэрүүдийг дэлхий дахинд танигдах, тэр бололцоог олгоно. Тиймээс төр засгийн зүгээс энэ чиглэлд бодлого барьж ажиллах ёстой гэсэн зөвлөмжийг өглөө.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы хувьд ноолуурыг уул уурхайн салбараас гарч байгаа бүтээгдэхүүнтэй жишин харьцуулсан тоон үзүүлэлтийг танилцуулсан юм. Түүнийхээр ноолуур нь зэсээс 13 дахин илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бол төмрийн хүдрээс 900 дахин, нүүрснээс 700 дахин илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болохыг онцоллоо. Ийм их өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахгүйгээр зөвхөн дотооддоо нийлүүлээд монголчууд ашиг олохгүй. Үүний тулд хятад иргэдийн захиалгаар монгол ноос, ноолуурыг цуглуулж авдаг ченжүүдийн холбоог таслан зогсоох ёстой. Нөгөө талаас Монголд үйлдвэрлэж болох бүх барааны импортын татварыг нэмэгдүүлэх нь чухал. Гуравт ноолуурын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортлох бол Евро стандартыг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна.
Тэгвэл энэ салбарт тулгамдах болсон бас нэг чухал асуудал нь боловсон хүчин аж. Уул уурхай, зам, барилга зэрэг хүнд үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжлийг дагаад энэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд төр засаг онцгой анхаарал хандуулдаг атлаа хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах ажиллах хүчнээ үндсэндээ мартжээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэгдэж байгаа ажилтнуудын хувьд дийлэнх хэсэг нь дээрх мэргэжлийнхэн байдаг. Дээр нь үсчин гэсэн анги бий. Тиймээс ноос, ноолуурын салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд Хөдөлмөрийн яам анхаарах, дээр нь ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд дэргэдээ урт, богино хугацаагаар ажилтнаа бэлтгэх бололцоотой болох сургалтын төвтэй болох зэрэг асуудал бийг энэ салбарт ажиллагсад онцлов.
Харин энэ бүх санал шүүмжлэлийг сонссон Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдын зүгээс энэ бүхнийг бодлого болгон хэрэгжүүлэх чиглэлээр ажлууд хийгдэх болно гэдгийг хэлэлцүүлгийн төгсгөлд онцолсон юм.