&#34Шинэ цомгийн баяраа бүсгүйчүүддээ зориулан хийнэ&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

&#34Шинэ цомгийн баяраа бүсгүйчүүддээ зориулан хийнэ&#34

Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай хамтран энэ сарын 7, 8-нд Баянгол ресторанд 19.00 цагт “Хайрын дуу” хамтарсан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэд гурав дахь жилдээ эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Баянгол” ресторанд уг тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд энэ нь учиртай гэнэ. Д.Цовоо, Ц.Энхманлай нарын хамтран “Манай орцны миний багийн дуунууд-I, II” цомгийг сонсогчид сайн мэднэ. Тэгвэл тэд хамтран “Манай орцны миний багийн дуунууд III” цомгийг өлгийдөн авчээ. Уг цомгийн баяр, эмэгтэйчүүдийн баяртай давхцаж байгаа бөгөөд хоёр үдэш үзэгчдийг дуу, хуур дурсамжаар аялуулах юм байна. Тоглолтын бэлтгэл ажил гээд тун ч завгүй яваа дуучин, хөтлөгч, жүжигчин Д,Цовоотой уулзан шинэ тоглолт, шинэ цомгийн талаар ярилцлаа.

-Шинэ цомгийн баяр, шинэ тоглолт тун удахгүй эгшиглэх нь ээ?

-“Манай орцны миний багийн дуунууд I, II” дахь цомгуудын цуврал болон гурав дахь цомгоо гаргалаа. Шинэ цомгийн баяр маань эмэгтэйчүүдмийн баяраар хийх гэж байгаа “Хайрын дуу” тоглолтын гол дуунууд болон дуулагдах юм. Энэ цомогтоо зориулан би Ц.Энхманлай ахад шинээр 12 утастай дуугаралт нь маш гоё гитар худалдан авч бэлэглэсэн. Тэр шинэ гитараар эгшиглэсэн хөгжмүүд маш гоё эгшиглэсэн. Тэгэхээр энэ сарын 7, 8-нд “Баянгол” ресторанд ирж “Хайрын дуу” тоглолтыг үзэх хүмүүст шинэ гитараар шинэ дуунууд маань хүрнэ.

-Шинэ цомог хэчнээн дуутай вэ?

-Цомог есөн дуутай. Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлай ахын анх орцонд гитар тоглож сурч байсан тэр үеийн дуу нь энэ цомогт багтсан гэдгээрээ онцлог байгаа. Мөн хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ахын зохиож өгсөн “Бүжиглээрэй” шинэ дуу цомогт багтсан.

-“Хайрын дуу” хамтарсан тоглолт гурав дахь жилдээ болох гэж байна шүү дээ?

-Тийм ээ, гурав дахь жилдээ буюу гурав дахь цомгийн маань баяр гээд давхар баярууд тохиож байгаа.

-Энэ үдэш ямар дуунууд эгшиглэх бол?

-Тоглолтондоо өмнөх хоёр цомогт багтсан шилдэг дуунуудаа энэ цомгийн дуунуудтайгаа хүрнэ. Мөн Энхманлай ахын өөрийнх нь дуулсан дуунууд болон миний уран бүтээлүүд эгшиглэнэ. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан цомгийн баяр, тоглолтоо хийж байгаа учраас манай тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа “Эрэл” групп тусгай шагналуудыг үзэгчдэд зориулан  бэлдсэн байгаа. Өмнөх жилүүдэд манай тоглолтыг ирж үзэж байсан бүсгүйчүүд бол гэнэтийн бэлгүүдийг сайн мэднэ дээ. Маш гоё шагналуудыг “Эрэл” группынхан маань бүсгүйчүүддээ өргөн барьдаг. Мөн тоглолтын дундуур манго бүжгийн тэмцээн гээд олон сюрпризүүдийг дэлгэнэ.

-Тоглолтын бас нэг онцлог гэвэл 70-80-аад оны орцонд эгшиглэдэг байсан хит дуунууд эгшиглэн тэр л үеийг эргэн дурсуулдаг?

-70-80-аад онд бидний багадаа орцонд дуулдаг байсан тэр дуунууд. Орц өөрөө акустик сайтай учраас цуурайтаад гитар ч гоё дуугардаг, хоолой ч гоё гардаг байсан учраас орцондоо л дуулдаг байсан. Тэр дуунууд бол одоо бидний үеийн залуучуудын хамгийн сайхан дуунууд. Тийм болохоор энэ тоглолт хүмүүст буцаагаад залуу насыг нь авчирч өгөх сайхан тоглолт болдгоороо онцлогтой.

-Цомог цаашид үргэлжлэх бол уу?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Би бол ингээд гурав болоод болно гэж бодоод байгаа. Манлай ах болохоор бараг тав гарах юм шиг байна аа гээд байгаа.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж