Сафина French Open-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Сафина French Open-ыг орхилоо

“Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг, шороон коурт дээрх Францын нээлттэй тэмцээнд өнгөрсөн жил финалдаж байсан ОХУ-ын теннисчин Динара Сафина энэ жил эхний тойрогт 39 настай Япон тамирчин Кимико Дате Круммд ялагдсанаар тэмцээнийг орхисон байна. Цагтаа дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж байсан Сафина 3-6; 6-4; 7-5 харьцаатай ахмад теннисчинд ялагдаж, Францын нээлттэй тэмцээнийг эхний тойргоос нь үдлээ.

Харин Дате Крумм 12 жилийн турш талбайн теннисний их спортоос хөндий байж байгаад 2009 онд талбайдаа эргэн ирсэн бөгөөд 1996 оноос хойш Францын нээлттэй тэмцээнд оролцоогүй байсан юм.

Тоглолтын дараа Сафина “Би тоглолтыг эхний хоёр сетэд л дуусгах ёстой байсан юм. Өөрийнхөө юу хийж, яаж тоглож байгаагаа анхаарахын оронд түүний арга барилыг анзаарч байгаад хожигдчихлоо” хэмээн ярьжээ.

Францын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бусад тоглолтын тухайд тус тэмцээний дөрвөн удаагийн аварга Жюстин Энен 6-4; 6-3 харьцаагаар Болгарын Цветана Пиронковаг хожсоноор дараагийн шатанд шалгарчээ. Өдгөө дэлхийн чансааны жагсаалтын 22-рт эрэмбэлэгдээд буй Энен хэрэв амжилттай тогловол тэмцээний дөрөвний нэг шигшээд дэлхийн номер нэг Серена Уильямстай таарах магадлалтай юм.

Мөн өчигдрийн тоглолтод ОХУ-ын Мария Шарапова нутаг нэгт Ксения Первакийг 6-3; 6-2 харьцаатай хожсон бол мөн Оросын теннисчин Вера Звонарева Италийн Альберта Бриантиг 6-3; 6-1-ээр буулган авчээ. Звонарева хоёрдугаар шатанд Израилийн Шахар Пиртэй өрсөлдөх юм. Пирийн тухайд эхний тойргийн тоглолтод Испаийн Нурия Льягостера Вивезийг 6-1; 6-4 харьцаатай хожсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж