Нэрт дуучин Ашерийн 11 настай Кайли хүү өнгөрөгч оны долдугаар сард Жоржия мужийн Ланэр нууранд хөвүүрт онгоцоор зугаалж яваад амиа алдсан билээ. Харин түүний хүүгийн үхлийг санамсаргүй явдал биш, санаатай аллага байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Ашер өнгөрсөн зун хүүгийн хамт хөвүүр завиар зугаалж явахад нь нэгэн хувийн хөлөг онгоц завийг нь мөргөсөн байна. Ослын улмаас хүнд гэмтсэн Кайли хүүг нисдэг тэргээр Атланта дахь Эглестон хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд хоёр долоо хоногийн турш эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм.
Ашерийн завийг мөргөсөн хувийн хөлөг онгоцыг түүний гэр бүлийн дотны найз гэгддэг, Атланта хотын иргэн, 38 настай Жэффри Хаббард гэгч жолоодож явсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Жеффри Саймон Хаббардыг Кайлигийн үхэлд буруутган, өнгөрөгч баасан гаригт баривчилжээ.
Кайлигийн ээж Тамека Раймонд нь Ашертай гэрлээд хоёр жил хамтдаа амьдарч, хосууд энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсны нэг нь Кайли юм. Тэд 2009 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байжээ.
Хүүгээ нас барснаас хойш олны нүдэнд төдийлөн өртөхөө байсан нэрт дуучин өнгөрөгч бямба гаригт дуулга өмсөн, зүсээ далдалж Нью-Йоркийн Манхэттенд мотоциклтой давхиж яваа нь гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.