Зөвхөн 1929 онд л немцийн анатомич Эрнест Шварц Бельгийн колонийн музейнүүдийн нэгэнд байсан “залуу шимпанзегийн” ээлжит хохимой толгойг судлаад түүний шүдний элэгдэл гэх мэтийн өндөр насны шинж тэмдгийг анзаарсан байна. Ердийн бус тэр толгойн яснууд нь залуу шимпанзегийнх биш харин бичийн онцгой нэгэн төрлийнх гэж Шварц дүгнэлтээ хийжээ. Эхлээд түүнд төрлийн салбар зүйл гэсэн зэрэглэл өгсөн ба дараа нь амьтан судлаачид түүнийг бие даасан төрөл гэдэгт итгэн “Pan paniscus” гэсэн шинжлэх ухааны нэр өгөв. Ердийн өдөр тутмын нэр нь бонобо буюу одой шимпанзе болжээ. Одой гэх нь эргэлзээтэй байж магад. Бонобо биеийн бүтэц нь илүүтэй ч нас бие гүйцсэн эр нь 40 кг, эм нь 30 кг хүрээд өөрсдийн төрлийнх гэх шимпанзегаас нэг их дутаад байхгүй. “Одой” нарыг харьцангуй урт мөч, шувтан мөр, хар арьс (шимпанзегийн арьс нь үсэн дороо ягаан) ба улаан уруул гэх мэтийн өөрийн онцлог нь ялгаж өгдөг. Үүнээс гадна шимпанзе ханиалгах маягийн дуутай бол одой нар нь хуцаж байгаа мэт огцом дуу гаргадаг.
Хүн төрлийн бичнүүдийн дундаас бонобо л хамгийн тачаангуй нь. Хайр л тэдний бүх асуудлаа шийдэх зэвсэг юм
Тэдэнд ижил төстэй шинж бас бий. Хоёр төрөл хоюулаа нутаг усны жижиг сүргээр амьдарна. Эрэгчин нь бүхий л насаараа эцгийнхээ сүрэгт амьдрах ба эмэгчин нь насанд хүрээд аз жаргалаа өөр газраас хайх ажээ. Гэр бүл бүр нь өөрийн газар нутагтай ба тэндээс хоол ундаа хайж олдог. Жимс, самар, зөөлөн ба шүүслэг ногоо, хорхой шавьж, сээр нуруугүй хуурай газрын амьтан, шувууны өндөг зэргийг тэд хүнсэндээ хэрэглэнэ. Хоол хүнс олохдоо өөрсдийн багаж төхөөрөмжийг шимпанзе бэлтгэж чаддаг бол тийм ухаан бонобод байхгүй.
Бонобо дохионы хэл ойлгох чадваргүй гэж нэлээд нэртэй номонд бичигдсэн байсан ч “ярьдгаараа” алдартай байсан Кензи ба түүний эцэг нэгт дүү эм Панбониша болон шоугийн бусад одод бүгд л одойн төрөл байснаас тэднийг “тэнэг” гэх нь юу л бол. Гэхдээ Кензи нар өөрсдөө “хэл сурахаар” санаачлага гаргаж дараа нь хүүхдүүддээ зааж өгсөн гэх. Тэднийг “хөдөлмөрийн багаж, зэмсэгээ” хийж чаддаггүй гэх мэдээлэл нь бонобог муу судалсантай холбоотой байж магад. Одоо хүртэл тэдний насны хугацааг тогтоож чадаагүй л байна.
Одой шимпанзегийн амьдрал бага судлагдсан. Гэхдээ тэдний нийгэмлэгийн амьдралын нэг онцлог нь бусдаас маш их ялгаатай. Нэгэн сүргийн дотор муудалцах гэж бараг байхгүй. Хүний нийгэмд ч байдаг эмэгтэйгээ атгаж байх эр хүний зан чанар тэдэнд үгүй гэнэ. Тэдний нэг онцлог нь нийллэгийг хэзээ ч хамаагүй, хэнтэй ч хамаагүй, нас сүүдрийг үл харгалзан хийдэг ба нэгэн сүргийнхэн сексээр л бүх асуудлаа шийддэг аж. Нэгэн эмэгчинг сонирхсон хоёр эрийн өрсөлдөөн тэдний хоорондын дотно харилцаар дуусч байсан гэнэ.
Сонирхол ба ухаанаараа тэд бусад бичнээс дутаад байх зүйлгүй
Анхааралтай судлаад үзэхэд тийм оргиулуун, эрчимтэй хувийн амьдрал нь үржилд нөлөөтэй аж. Бэлгийн харилцаа тэдэнд их ч гэсэн эмэгчин нь 5-6 жилд нэг удаа төрдөг гэнэ. Дотны харилцаа ойртолт нь бонобогийн амьдралд бол хүний гар барих, мэндлэх, үнсэлцэх, танилцах, найзлахтай адил. Амьтадын нийллэг нь түрэмгийлэлийг дарж өгдөг бол бонобод түрэмгийлэл гээд байх зүйлгүй. Нэг үгээр тэд “Make Love, Not War!” гэсэн хиппи нарын хөдөлгөөний уриаг амьдралд хэрэгжүүлэгчид гэж болно.
Бонобогийн хүүхдүүдэд хайр халамж, хоол тэжээл, хичээл сургалт хэрэгтэй
Орчин үеийн хүн төрөлт бичнүүдийн дунд ганц ч төрөл нь мөхлөөс хол биш. Бонобогийн хувь заяа ч мөн адил. Тэдний зэрлэг байгаль дахь одоо мэдэгдэж байгаа цорын ганц нийгэмлэг нь Конго мөрний эхэнд энэ мөрний гол салааны нэг Луалаба голын эрэгт бий. Тэнд саяхан болтол 10 мянган бонобо амьдарч байжээ. Одоо хэд байгааг мэдэхэд бэрх. 1990-ээд оны эхээр тэр нутаг дайны хөлд нэрвэгдсэн юм. Эхлээд Руандагийн дүрвэгсэд тэнд орж ирэв. Конгод ч иргэний дайн гарлаа. Дайн дажинаас болон үндэсний дархан газруудын санхүүжилт хаагдан тэдний ажиллагаа зогссон юм. Амьтад тэдний тоонд хүн төрөлт бичнүүд дайтаж буй талууд, хулгайн анчид, дээрэмчид, нутгийн хүмүүсийн ан боллоо. Орон нутгийн худалдааны зах дээр бонобогийн борцолсон мах илээр зарагдсаар байна.
Энэ ер бусын амьтад “Бонобогийн диваажинд” л дураараа амьдарна
Байдал туйлдаа хүрсэн учир бонобегийн сүрэглэн амьдардагийг анхлан тогтоосон Шведын антропологч эрдэмтэн Йонас Эрикссон судалгааны аппаратаа Калашниковын автоматаар солиход хүрэв. Европын орнуудаас санхүүгийн тусламж олсон тэрбээр Салонгийн үндэсний дархан газрыг хамгаалагч нарыг дахин цуглуулж, хулгайн анчидтай тэмцэх зэвсэгт отряд байгуулжээ. Дэлхийн нэртэй эрдэмтэн өөрөө ачааны машинаар ойн зам харгуйд эргүүл хийн хүн төрлийн хамгийн номхон бонобе бичийн аймгийг хүн гэгч араатнаас хамгаалж эхэлсэн юм. Эрикссон энэ тэмцэлдээ ганцаар биш. АНУ-ын Жоржийн их сургуулийн дэргэдэх бонобог хамгаалах сан мөн олон улсын хэд хэдэн байгууллага түүнд тусалж байна. Конгийн нийслэл Киншаса хотын ойролцоо “Love ya bonobo” (“Бонобогийн диваажин”) гэх хүрээлэн байгуулан өөрсдийн дураар биш амьдарч байсан бонобо нарын сэргээн амьдруулах ажиллагааг хийх болсон байна. Одоо тэндхийн 30 га газарт зуу хүрэхгүй бонобо амьдардаг. Эх нь алагдсан бонобо ба худалдагдах гэж байсан амьтадыг энэ хүрээлэнгийнхэн зах дээрээс хураан авч тэнд нь асардаг аж.