Зүрхний өвчтэй 300 гаруй хүүхдийг эмчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Зүрхний өвчтэй 300 гаруй хүүхдийг эмчилжээ

Зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний талаар БНСУ-ын Ротари клуб Монголын “Туул” ротари клубын хамтарсан уулзалт өнөөдөр Хаан паласд боллоо.

“Туул” ротари клуб “Хүүхдийн зүрх” төслийг 2004 оноос эхлэн БНСУ-ын ротаричуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Манай улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн гажиг өвчтэй хүүхдүүдийг Солонгос улсын Ионсей их сургуулийн эмнэлэг, Сижон, Жайл зэрэг эмнэлэгүүдэд явуулж хагалгаа хийлгэдэг бөгөөд хагалгааны бүх зардлыг ротаричууд хариуцдаг юм байна. 2004 оноос эхэлсэн “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд жилд 10 гаруй хүүхдэд хагалгаа хийдэг бөгөөд одоогоор нийт 300 гаруй хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилж эрүүл саруул болгосон байна. Хагалгааны зардал 20-70 сая төгрөгний үнэтэй байдаг. Клубийн зүгээс гэр бүл нь амьдралын орлого муу, хагалгааны төлбөрийг төлөх чадваргүй айлын хүүхдүүдийг эмчилгээнд явуулдаг аж.

“Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд Pотаричууд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж эмч, ажилтнуудыг сургалтанд явуулж, эмнэлгийн зарим тоног төхөөрөмжүүд, алсын түргэний зориулалттай бүрэн тоноглогдсон түргэний машин бэлэглэсэн аж. Төслийн хүрээнд цаашид төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг Монголдоо эмчлэх нөөц бололцоо бий болгох талаар Монголын бүх Ротаричууд хамтран ажиллах санал санаачилгыг Засгийн газраас дэмжихээр болсон байна.

Хүн төрөлхтний аз жаргалтай, амар амгалан амьдралын төлөө өөрийн цаг зав сэтгэл зүрх, мөнгө хөрөнгөө харамгүй зориулж яваа сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн үр болсон дэлхийн Ротаригийн холбооны үйл ажиллагаа 100 гаран жилийн түүхтэй. “Ротари” клуб  дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хүний тус дэм хэрэгтэй газар бүрт очиж хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, сайн дурын хүсэл зорилго дээр суурилсан сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл гэж хэлж болно. Өнөөдөр дэлхийн 166 оронд, 31 мянган “Pотари” клуб тогтмол үйл ажиллагаа явуулж түүнд 1,2 сая ротаричууд нэгдсэн гэсэн тоон баримт байдаг юм.

Монгол улсад анхны Ротари клуб 1995 оны тавдугаар сард байгуулагдаж, Олон улсын Ротарийн холбооны гишүүн болсон түүхтэй.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж