Лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэл нь сүүлийн жилүүдэд Нигерийн хойд хэсгийн нутгуудад хяналтаа тогтоохын тулд дараалсан халдлага, дайралт хийх болсон билээ. Хэдийгээр Нигерийн Засгийн газраас энэ жилийн эхээр “Боко Харам” бүлэглэлтэй гал зогсоох, энхийн яриа хэлцэл хийх талаар мэдэгдсэн боловч тус бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау үүнийг няцаасан мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг цацсан юм. “Боко Харам” бүлэглэл Нигерийн хойд хэсгийн нутгуудад лалын шашны дүрэм журмыг тогтоохыг эрмэлзэж, бусад шашинтнууд руу халдлага дайралт хийдэг байна. Нигерт өнгөрсөн 2010 оноос хойш “Боко Харам” бүлэглэлийн халдлага дайралтын улмаас 1400 орчим хүн амь үрэгдээд байгаа аж.
“Боко Харам”-ын 20 дайчныг хөнөөжээ
Нигерийн армийн цэргүүд зүүн хойд хэсгийн Борно мужид лалын зэсвэгт “Боко Харам” бүлэглэлийн 20 дайчныг хөнөөсөн байна. Нигерийн армийн мэдээлснээр “Боко Харам” бүлэглэлийн дайчид Монгуно тосгонд байрлах цэргийн бааз руу халдах үеэр цэргүүд хуарангаа хамгаалж, лалын зэвсэгт дайчдыг хөнөөжээ. Түүнчлэн Нигерийн армийн цэргүүд лалын зэвсэгт дайчдаас их хэмжээний зэр зэвсэг, сум хэрэглэлийг хураан авсан байна.
Б.АНХТУЯА