Дэлхийн жишигт нийцсэн Нэткапитал санхүүгийн байгууллага

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн жишигт нийцсэн Нэткапитал санхүүгийн байгууллага

Дэлхийн жишигт нийцсэн Нэткапитал санхүүгийн байгууллага

Нэгэн хүн Twitter цахим сүлжээний СЕО-оос хэт цөөн буюу 140 тэмдэгтийн дүрмээ солих эсэх талаар асуухад цаадах нь шуудхан л “Үгүй” гэсэн хариулт өгчээ. Тэрбээр “140 тэмдэгт бол Twitter-ийн хамгийн гол зүйл. Яагаад гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ зүгээр л ажиллаж, үүргээ амжилттай биелүүлж байхад яг ямар учраас амжилттай байгааг нь мэдэх шаардлага ч байхгүй.” хэмээн тайлбарлажээ.

Нэткапитал ч мөн адил санхүүгийн салбарт амжилттай яваа манлайлагч байгууллага. Учир нь тэдний зах зээлд гаргасан бүтээгдэхүүн болгон зарагддаг. Яагаад гэвэл хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байна. Энэ л чухал. Гэхдээ л “Яаж?” гэдгийг нь мэдмээр байгаа биз дээ? Нэткапитал санхүүгийн корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Сүндийтэй ярилцсанаа хүргэе.

-Нэткапиталыг бий болгох санаа анх яаж төрсөн бэ?

-Би уг нь мэдээлэл технологийн хүн л дээ. Энэ салбар маш хурдацтай хөгждөг, өндөр өрсөлдөөнтэй. Хамгийн шилдэг компани бусдаасаа хол тасарлаа гэхэд 6-12 сараар л түрүүлж чаддаг. Өнөөдөр манлайлагч байгаа компани таван жилийн дараа огт байхгүй ч болж мэднэ.

Харин санхүүгийн салбарт энэ бүгд эсэргээрээ, маш удаан. Ямар байх ёстой, тэр дагуу л явдаг. Гэтэл нийгэм маань хөгжөөд байна. Хүмүүст алдагдсан боломжийг нь нөхөж чадах, илүү хурдтай санхүүгийн үйлчилгээ хэрэгтэй байсан. Үүнийг олж харж, зөв үйлчилгээ хүргэж чадсан нь бидэнд бусдаас илүү амжилт авчирсан болов уу.

-Монголын ТОП-10 ББСБ-ын нэг хэрхэн байгуулагдсан тухай сонирхмоор байна?

-Анх 2008 оны есдүгээр сард байгуулагдаж, 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эхний сараасаа л ашигтай ажиллаж, тэр жилдээ ТОП-10 ББСБ-ын нэгээр шалгарсан нь хурдтай, зөв бүтэцтэй, сайн менежменттэй ажилласны үр дүн гэж боддог.

Бүтээгдэхүүн маань зах зээлд хэр борлогдож байгаагаар л бид зөв ажиллаж байгаа эсэхээ дүгнэдэг. Итгэлцлийн үүднээс борлогддог бүтээгдэхүүн зөв нөхцөлтэй эсэх нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэр зэрэг худалдан авч байгаагаас л харагддаг. Харин ямар нэг шалгуур үзүүлэлт, онолын дагуу үйл ажиллагаагаа дүгнэхийг боддоггүй.

-ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодын ихэнх нь нэгэн үе дампуурч, хүнд байдалд орж байсан. Мэдээж их эрсдэлтэй бизнес байх л даа. Харин танай байгууллага өнөөдрийг хүртэл амжилттай явж ирсний нууц нь юу вэ?

-Үнэндээ мөнгө татдаг ББСБ-уудаас дампуурсан явдал огт гараагүй. Харин банк бол 2 ч банк дампуурчихсан ш дээ. Анод, Зоос гээд (Инээв.) Бас Хадгаламж зээлийн хоршоод л бөөнөөрөө дампуурсан. Уг нь тэдний анх гарч ирсэн санаа их дажгүй. “Хэн нэг нь зээлийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол бусад нь нийлээд түүнд зээл өгье. Зээлдэгч нь бизнесээ эхлүүлж, хөгжиг. Харин зээл олгогчид нь танилууд, бие биедээ сайн мэдэж байгаа учир санаа зовох шаардлагагүй” гэсэн ерөнхий зарчимтай. Ингээд нэг сая төгрөгтэй 10 хүн нийлээд ХЗХ байгуулчихлаа. Өөрт байсан мөнгөнөөсөө 100 дахин их мөнгө удирдаад эхлэхээр тухайн хүнд туршлага дутна. Мөн тэр хүн өөрөөсөө ганцхан сая төгрөгний эрсдэл гаргасан учир одоо хэд дахин их мөнгийг захиран зарцуулж байна. Үүнээс л ямар нэг зүйл хийх сэдэл үүсч байгаа юм.

Харин ББСБ-ын хувьд харилцагчдын итгэлийг олохын тулд дор хаяж нэг жил үйл ажиллагаа явуулсан байх, хамгийн багадаа нэг тэрбум төгрөгийн хувийн хөрөнгөтэй байх ёстой буюу дээд тал нь өөрийн хөрөнгийн 80 хувьтай тэнцэх хөрөнгийг нэмж татаж болно гэх мэт шаардлагуудаар нь эрсдэлийг нь бүрэн хаачихсан байдаг. Энэ тохиолдолд хэдэн тэрбумын хөрөнгө оруулсан хүн хариуцлагатай ажиллана. Мөн тэрбумын хөрөнгө удирдаж байсан хүн хоёр тэрбумыг бол зохицуулж чадна шүү дээ. Үүгээрээ компанид эрсдэл үүсдэггүй.

-Танайх бусдаас илүү шуурхай, уян хатан, цаг үеэ мэдэрсэн үйлчилгээ явуулдаг. Боловсон хүчнээ өөрсдөө сургаж авдаг нь үүнтэй холбоотой юу?

-Бид тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хүний нөөц, манлайлал, цаг төлөвлөлт, стратеги, маркетинг, менежмент гээд төрөл бүрийн 70 гаруй сургалт зохион байгуулжээ. Бараг л санхүү, бизнесийн нэг сургуультай ижил хэмжээний мэдээллийн нөөц, суурьтай болсон байна. Манай албан хаагчид монголын бизнесийн хамгийн шилдэг байгууллагуудад явагддаг сургалтуудтай ижил хэмжээний сургалтыг байнга авдаг.

-Банк болон ББСБ-ын ялгаа юу вэ?

-Банк бол өөрийн гэсэн тогтмол, том бүрэлдэхүүнтэй байгууллага. Машинтай зүйрлэвэл том оврын, нүсэр бүтэцтэй, дүүрэн хүнтэй автобус. Тийм автобус өөрт нь зориулж зассан замаар л явахаас биш, донсолгоотой, бартаатай замыг туулах чадваргүй. Тэгээд ч банк энэхүү нүсэр бүтэцдээ түүртдэг.

Харин бидний хувьд уян хатан, цөөн бүрэлдэхүүнийг зохион байгуулахад хялбар учраас цаг үеэ олсон бүтээгдэхүүнийг маш богино хугацаанд гарган ирж, зах зээлд тохирохгүй байгаа бүтээгдэхүүнийг бол хурдан зогсоож, шинэчилж чадна.
Мөн ажилтнууд маань харьцангуй залуу хүмүүс учраас шинэ санааг хүлээн авч, хэрэгжүүлэхдээ хурдан. Манай хамгийн доод албан тушаалтны гаргасан санаачлага ч хэрвээ зөв байх юм бол маргааш нь л гэхэд бүтээгдэхүүнд тусгалаа олох боломжтой байдаг. Нэг үгээр хэлбэл амьд байгууллага гэсэн үг. Хүний биеийн хөлийн нэг хуруу ажиллахгүй байхад толгой шууд л мэддэгтэй адилхан.

-Та бүхний бий болгосон “Бизнес модель” сонирхолтой, ашигтай шийдэл болсон шиг санагдсан…

-Бид гурван зүйлийг л хийхийг хичээсэн.

Нэгдүгээрт, компани байгуулахын тулд хөрөнгөтэй байх ёстой. Харин ямар ч компани эхэндээ хөрөнгөгүй байдаг. Тиймээс хөрөнгө босгоно. Эх үүсвэр нь тухайн компанийг байгуулсан хувь нийлүүлэгчдийн хөрөнгө, эсвэл зээл байдаг. Зээл авахын тулд зээл өгөх хүмүүст үр ашигтай нөхцөлийг санал болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт эсвэл энэ компанийн эзний олох ашгаас дутахааргүй өгөөжийг амлах юм бол тэд яах гэж өөрсдөө бас нэг компани байгуулаад л, эрсдэл үүрээд явахыг хүсэх юм бэ? Энэ бол бидний анхны зөв бодлого байсан гэж боддог.

Дараа нь амласан үр ашгаа хувь нийлүүлэгчдэдээ олгохын тулд өөрсдөө түүнээс ч ашигтай ажиллах хэрэгтэй болно. Орчин үеийн техник технологийг ашиглан цомхон бүтцээр хурдтай үйл ажиллагаа явуулж, зардлаа багасгаснаар хувь нийлүүлэгчдэд өгөх ашгийг зардлаасаа нөхөх боломжтой болсон.

Харилцагчдын талаас зээл хөөцөлдөж явахад ихээхэн хүндрэл үүсгэдэг зүйл нь хугацаа алдах явдал. Зээлийн хүүгийн нэг хувийн зөрүүгээс илүү нэг өдрийн ажлын цаг үнэтэй болсон үед бид амьдарч байна. Харин манай бүтээгдэхүүнүүдийг ойлгоход хялбар учраас харилцагч өөрөө тооцоо хийж хэрэгтэйгээ сонгоод, бид түүнийг нь нэг өдрийн дотор шийдэж өгдөг. Мөнгө хэрэгцээтэй үед л бэлэн байх ёстой. Тэр үе нь өнгөрчихвөл ашиг өгч чадахаа байна. Энэ бол банкнаас арай өөр систем юм.

-Санхүүгийн мэдээллийг нууцлах нь бараг тогтсон ойлголт. Харин танайх бүх үйл ажиллагаагаа ил тод байлгадгийн учир юу вэ?

-Бидний хувьд гол нь харилцан ашигтай, мөн сахилга бат өндөр байх ёстой. Манайх өдөр бүр хүүгээ тооцож, тайлан тооцоогоо гаргадаг. Хэр хэмжээний ашигтай, эсвэл алдагдалтай байна вэ гэдгээ програмаас хэзээ ч харж болно.

Компаниуд янз бүрийн дүрэмтэй байдаг ч ил тод байх гэдэг нь санхүүгийн байгууллагын гол зарчмуудын нэг. Бидэнд хуримтлалаа байршуулах гэж байгаа хүн эрсдлээ өөрөө тооцох боломжийг олгох нь компанийн үүрэг. Мөн энэ байгууллагад юу болж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдад ойлгомжтой харагдаж байх ёстой. Тиймээс ч бид Лондонд төвтэй олон улсын чанартай аудитийн хяналтыг нэвтрүүлж Монголд хамгийн чадварлаг ажиллаж байгаа PricewaterhouseCoopers Audit аудитын байгууллагаар 2012 оны тайлангаа хянуулж байна. Энэ нь эргээд манай үйл ажллагаанд ч үр ашигтай юм.

Харин нуугаад байна гэдэг тухайн байгууллагын цаана ямар нэг ойлгомжгүй, эрсдэлтэй зүйл байгааг илтгэнэ. Вэб сайт дээрээ тайлангаа тавихгүй байгаа байгууллага бол эрсдэлтэй л гэсэн үг.

-Та бүхний цаашдын төлөвлөгөөг сонирхмоор байна. Монголын санхүүгийн салбарт юуг авчрахаар ажиллаж байна вэ?

-Бид яг бичил зорилтот зах зээлд хүрч ажиллахыг хичээдэг. Банкны зах зээл маш том боловч жижиг, дунд бизнестэй, бага орлоготой хүмүүст хүрч чаддаггүй. Тиймээс бид энэ орон зайг нөхөж, тэдэнд чиглэсэн бүтээгдэхүүнийг гаргаж ажиллана.

Мөн GrapeCity Mongolia компаниас олон улсын жишигт нийцсэн банкны систем нэвтрүүлж байна. Монголын томоохон банкуудын ашиглаж байгаа системийг бид худалдан авч ашиглах юм. Ингэснээр бүх тайлан, үзүүлэлтүүд маань банктай ижил түвшинд, өдөр бүр, автоматаар гарч байна гэсэн үг. Манайд ирж байгаа шалгалт, хөндлөнгийн байгууллага ч тоон үзүүлэлтийн үнэн эсэхэд эргэлзэх шаардлагагүй, хялбар байх болно.

Өнгөрсөн онд бид Дархан, Эрдэнэт хотод тус бүр нэг салбар нээсэн бол энэ онд Улаанбаатар хотод дахин хоёр салбараа нээх төлөвлөгөөтэй байна.

Үнээ буулгаж өрсөлдөх нь үйлчилгээний чанарт эргээд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг бол бид өмнөх үнээ барьж, бүтээгдэхүүнээ илүү чанартай болгох зарчмыг баримталдаг. Ерөнхийдөө бид дэлхийн жишигт хүрсэн, хялбар, ойлгомжтой санхүүгийн байгууллага байхыг зорьж байна.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, СУИС-ын урд, Нэткапитал 203, 207 тоот,

Утас: 70110033

Вэб: www.netcapital.mn

Facebook: www.facebook.com/sundii.dorjrentsen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж