Н.Дашзэвэг: Тийм дэмий тайлбарт бүү итгэ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Н.Дашзэвэг: Тийм дэмий тайлбарт бүү итгэ

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, эдийн засагчид төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

“Монгол дээд сургууль”-ийн захирал Н.Дашзэвэг:

-Төмөр замын тухайд
эдийн засгийн үр ашигтай хувилбарыг сонгох нь зүйтэй. Яг одоогийн
байдлаар төмөр замын бодлого тун тодорхойгүй байна шүү дээ. Хятад руу
бол нарийн, ОХУ руу өргөн царигтай төмөр зам тавина гэдгээс илүү
тодорхой зүйлгүй хэвээр байна. ОХУ-ын байр суурь бол тодорхой байгаа.
Хэдийгээр Хятадынхаас гурав дахин урт зам туулах боловч хямд өртгөөр
нүүрс тээвэрлэе гэдэг саналаа ирүүлээд байгаа. Харин Хятадын ямар хэсэг
рүү ачаа тээвэрлэхээ ч бүрэн шийдэж амжаагүй л байна шүү дээ.
Замын-Үүдээр бол одоогийнхоос илүү хэмжээний ачаа тээвэрлэх боломжгүй.
Нарийн Сухайт руу гэхээр хилийн цаад талдаа Хятадын хүчин чадал ямар
байх нь тодорхойгүй. Дорнод, Сүхбаатараар дамжуулан Хятадын гол төмөр
замтай холбоно гэхээр тус улсын Засгийн газрын байр суурь, баталгаа
нотолгоо одоогоор үгүй.

Хятад улс манайд ашигтай хувилбарыг
зөвшөөрөөгүй тохиолдолд өргөн царигийн төмөр замыг сонгох хэрэгтэй. Иймд
удахгүй манай улсад айлчлах БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлалыг
хүлээн байж шийдвэрээ гаргах ёстой. Харин хувилбарыг бол боловсруулчих
ёстой л доо. Бүр Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулаад
Хятадын удирдагчдад санал болгох ёстой. Гэхдээ энэхүү хувилбар болоод
ТЭЗҮ-г Зам тээвэр барилга хот байгуулалтын яам бус Үндэсний хөгжил
шинэтгэлийн хороо үндэсний эрх ашигтай нийцүүлэн боловсруулах нь дээр.
Салбарын сайд нь илт нэг талыг баримталсан байр суурьтай байгаа нь
өрөөсгөл асуудал. Яам аль нэг талыг нь лоббидоод, нөгөөг нь адлаад
байгаа ийм нөхцөлд төмөр замын талаарх бодлогыг Үндэсний хөгжил
шинэтгэлийн хороонд даатгахаас аргагүй. Төмөр зам гэдэг бол ганц манай
улсын асуудал биш. Бүсийн хэмжээний, олон орны олон хот тосгодын хөгжил,
дэвшилтэй холбоотой учир дангаар шийдэх нь оновчтой бус.

-Урд
хөрш рүү нарийн царигийн төмөр зам тавих нь үндэсний аюулгүй байдлын
хэмжээнд яригдах ёстой гэж зарим хүмүүс үзэж байна. Та үүнтэй санал
нийлэх үү?

-Үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлнө гээд
байгаа хэрэг вэ. Тийм л их айгаад байгаа юм бол хилээ хаагаад, буугаа
хараалаад хэвтэхгүй юу, тэр хүмүүс. Хятад Монголыг эзэлнэ гээд
тайлбарлаад байгаа хүмүүсийг цэцэрлэгийн хүүхдийн сэтгэхүйнээсээ
ангижрахыг зөвлөмөөр байна. Ямар дайн байлдаан төсөөлөөд хаширлаад
байгаа юм бэ. Хятад Монголыг ямар нэг байдлаар эзлэхийг ОХУ ч, АНУ ч
хүлээн зөвшөөрөхгүй. Хятадад дотооддоо ч Өвөрмонгол, Шинжан Уйгарынхан
нь бослого гаргана биз дээ. Тийм дэмий тайлбарт бүү итгэ. Харин ч
Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр зарагдаж чадахгүйд хүрвэл үндэсний
эрх ашиг хөндөгдөнө шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж