“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 20 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 20 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг нийтэллээ. Дээрх хуулиар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, түүнд хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ямар төрлүүдтэй байх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг ямар этгээд гаргах, үнэт цаас гаргах, бүртгэх, түүнд тавигдах шаардлагыг хуульд хэрхэн заасныг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцах боломжтой.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нэг төрөл болох барьцаат үнэт цаас гаргагч орон сууцны санхүүжилтийн компанийн үйл ажиллагааны талаарх нарийн мэдээллийг мөн авах боломжтой.
Дээрх хуулийг дагалдан гарсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 9 хууль, мөн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг эмхтгэлд нийтэллээ.

Түүнчлэн “Чацаргана” хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га хүртэл талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасныг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ Манай улсын эрдэмтэд нэг га талбайд 1200-1600 чацарганы суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хурааж, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 л цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бодит бололцоотой бөгөөд нийт зарцуулсан хөрөнгийг 2-3 жилд нөхөж ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.

Хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2010-2012 он буюу I үе шатанд хөтөлбөрийг сурталчлах, чацаргана, бусад жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулан, жилд 5 саяас доошгүй суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг 10.0 мянган га хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс, жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангаж маркетингийн сүлжээг бий болгох аж.

II үе шат буюу 2013-2016 онд чацаргана тариалалтыг 20.0 мянга хүртэл га-д хүргэн өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрийг бүсчлэн байгуулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн органик гарал бүхий газар зүйн заалттай, экологийн цэвэр нэрийн бүтээгдэхүүнийг бий болгож, экспортод тогтвортой гаргадаг болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж