УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл нэрээр хүчээ нэгтгэн оролцож байсан МАХН, МҮАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдлаар оролцох нь тунчиг анхаарал татах сэдэв болж хувирлаа. Шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж байгаа “Шударга ёс” эвслийнхний хувьд анх Засгийн газрыг байгуулах гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-тай нэг субьект болж оролцоно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нь өнгөрсөн оны зун. Гэсэн атлаа МАХН-ынхан хоёрхон хоногийн өмнө хийсэн Бага хурлаасаа “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох шийдвэрийг гаргавал УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг нам дотроо нэр дэвшүүлж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сойно гэжээ. Үүгээр бол МАХН-ынхан МҮАН-аас ч тусдаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох дүр зураг бууж байна. Гэтэл МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нь АН-тай хамтран Засгийн газрыг байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно гэж гэрээгээ баталгаажуулсан. Түүнийгээ дагах ёстой” гэх байр суурийг илэрхийлээд байна. Үүнээс харвал МАХН-ынхан Бага хурлаасаа маш хариуцлагагүй, бодлогогүй шийдвэр гаргасан бололтой. Мөн МАХН-ын Бага хурлаас гарсан бас нэгэн хачирхалтай шийдвэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам аль ч намтай эвсэхэд бэлэн аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө МҮАН-тай эвсэж “Шударга ёс” эвсэл байгуулж оролцоод, улмаар Засгийн газарт орохдоо АН, ИЗНН –тай хамтарсан атлаа одоо дахиад хэнтэйгээ эвсэх юм бол… Б.Жаргалсайханы намтай юу, эсвэл С.Молор-Эрдэнийн нам уу. Энэ мэтчлэнгээр хөөж үзвэл олон хариулт нэхсэн шийдвэрийг МАХН-ын гишүүд энэ удаагийн Бага хурлаас гаргажээ. Хэрвээ тус нам ирэх дөрөвдүгээр сард зарлах Бага хурлаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд бусад нам улстөрийн хүчинтэй эвсэхгүй дангаараа оролцох шийдвэр гаргавал Засгийн газрыг бүрдүүлж байгаа субьект болох АН, ИЗНН, МҮАН гурав тунаж үлдэх нь. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн их сунгааны өмнө “Шударга ёс” эвсэл задарч, голын хоёр захад гарахын зэрэгцээ МАХН-ынхан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн намаас хүнээ дэвшүүлэх нь. Иймдээ тулбал, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтингийг навс унагаж, Ардчилсан Ерөнхийлөгч дахиж тодрох бололцоог хаана гэсэн үг. АН-ынхан ч амар бууж өгөхгүй болов уу, тэр тусмаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хөгийн байдалд орохгүйн тулд Н.Алтанхуягийн танхимд бүх л талын шантааж үзүүлж таарна. Тиймээс сайд Н.Алтанхуяг өнөөдрийг хүртэл шантааж болгон ашиглаж ирсэн “МАХН сайд нараа Засгаас татвал намын нэрээр УИХ-д орж ирсэн гишүүдийг нь татна” хэмээн “бойкотлох” нь лавтай. Яг ийм “бойкот” хийх заалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд байхгүй ч “Байгаа мэтээр” АН-ынхан өнгөрсөн хугацаанд ярьж, олон нийтэд ойлголт төрүүлэх болсон нь ердөө Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярын намынхныг л нам дарж авах гэсэн арга ядсан тактик болохоос биш шууд утгаараа хэрэгжих бололцоо үгүй билээ. Үүнийгээ ч МАХН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж буй, гол нь Засгийн газраас гарахдаа тулбал намын дарга Н.Энхбаярыг аврах төлөвлөгөөндөө шилжжээ гэж ойлговол илүү үнэнд ойртох биз. З.Баянсэлэнгэ нарын гишүүдийн хувьд “Н.Энхбаяр даргыг улстөрийн хэлмэгдлээс гаргах” найдвар тасарч, тэсвэр тэвчээр алдарч байгаа хэмээн мэдэгдсэн удаатай. Тэгэхээр МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэлээн том тоглолт хийх нь ийнхүү тодорхой болж эхэллээ. Тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь чухал биш, шоронд байгаа намын даргаа аврах нь чухал. Тийм болохоор ийм тулган шаардалтыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих болж байна. Хэрвээ МАХН-ынхан Засгийн газраас гарахгүй, “Шударга ёс” эвсэлдээ үлдэн М.Энхсайхан даргын хэлдэгчлэн гэрээгээ баривал одоогийн Ерөнхийлөгч дахин сонгуульд ялсан нөхцөлд Н.Энхбаяр гэх хүнд өршөөл үзүүлэхээс замгүй. Ийм ам тангараг өгөөгүй цагт МАХН-ынхан өөрсдийн хүссэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн тоглолт хийж эрх баригчдыг төдийгүй МАН-ынханг ч “шоглох” нь. Харин тэд аль хувилбарыг нь сонгох бол…