Цус ойртолт Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Хуучирсан мэдээ: 2013.03.03-нд нийтлэгдсэн

Цус ойртолт Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Дэлхий даяараа өнөөдөр нэгдэн нийлж глобальчлагдаж байгаа өнөө үед техник технологийн хөгжлөө дагаад юм болгон хялбар амар болж. Энэ нь сайн зүйл мөн боловч бас бус сөрөг үр дагавар байсаар л байна.

Өнөөгийн манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй цус ойртолт. Өнөөдөр Монгол Улсын хүн ам дахь цус ойртолтын байдал нь ах дүүс, үр удмууд, хамаатан садангууд хоорондоо гэрлэх хэмжээнд хүрчихсэн байгаа. Энэ бол үнэхээрийн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд харанга дэлдсэн ийм үзүүлэлт.

Монголчууд хэзээнээс нааш өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж хойч үедээ сургаж байсан юм. Гэтэл сургамж сургааль маань аль хэдийнэ мартагдаж орхижээ. Антропологи болон анагаахын эрдэмтэд ерөнхийдөө цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолт, алсуур цус ойртолт гэж хоёр ангилдаг. Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлээд байгаа юм. Алсуур цус ойртолт гэхээр нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг. Энэ нь шууд цус ойртолтод их нэрмээс болдог байна.

Хүн амын доторх цусан төрөл ойртолтын төвшнийг илэрхийлдэг амьгүй төрөлт, үр зулбалт, оюун ухааны хомсдол, удамшлын өвчин, согогийн илрэл харьцангуй ихэссэн үзэгдэл 1970-аад оны сүүлчээс эхлэн орон нутгийн хүн амын дунд ажиглагдах болсон байна. Тиймээс тухайн үеийн засгаас тодорхой анхаарал хандуулан удаа дараагийн арга хэмжээ авч байжээ. Байдал арай л намжих тийшээ хандаж байсан юм.

1990-ээд он гарснаар энэ байдал хөдөө орон нутаг гэлтгүй төв суурин газарт ч гэсэн нийгмийн онцлогоо дагаад ихээр бий болсон. Мөн үүн дээр хүн амын нийгмийн байдал, боловсрол, эдийн засаг, гээд бүхий л зүйл нөлөөлсөн. Бүх юм чөлөөтэй болсноор хүмүүсийн бэлгийн амьдрал, хүмүүжил замбараагүй хараа хяналтгүй болсон. Удам судар ураг төрлөө мэддэг хүн нь ховордсон. Өөрөөр хэлбэл, үүнээс илүү санаа зовох зүйл их байсан гэхэд болно. Өвөө, эмээ, эцэг, эхээ хагас дутуу мэддэг, бүр зарим нь аль аймаг нутгийн хүн болохыг нь ч хэлж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл, гурван үе дотроо л хагас дутуу, аав ээж тэгээд өөрийгөө. Энэ бол эмгэнэлтэй гэхээс өөр юу гэх юм бэ?

Монголчууд уг нь эрт дээр үеэс ургийн бичгээ хөтлөн ирсэн өөрийн гэсэн өвөрмөц соёлтой ард түмэн үүгээрээ азийнхан болон монголчууд Европоос ялгаатай. Европын хаад вангууд ихэвчлэн өөрийн ураг төрөл дотроо гэр бүл болдог байсан нь өнөө хэр мэр сэр хадгалагдсаар үлдсэн.

Монголд коммунизмын он жилүүдэд ургийн бичиг хөтлөх нь бараг зогссон байсан. Харин 2000 оноос энэ ажил эхэлсэн боловч зохион байгуулалт муу дээр нь хүн бүр хүссэн ургийн овгоо зохиосон зэргээс болж, холион бантан болж байх шиг байна. Хүн амын бараг 86 хувь нь Боржигон болчихсон, дээр нь хятадууд хүртэл боржигон хэмээн тууж явна. Энэ бол туйлшралын нэг хэлбэр.

Судлаачдын судалгаагаар цус ойртолтын газарзүйн тархалтын хамгийн их голомт хаана байна гэхээр Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагдсан байна. Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Гэхдээ дан ганц говь ч биш баруун аймгуудад мэр сэр харагдаж байгаа.

Монгол Улсын өнөөгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц нь цус ойртолтод ихээр нөлөөлж байна. 21 аймаг 370 гаруй сум нь хэт жижгэрсэн бүтэц юм. Өмнө нь Түшээт хан, Сэцэн хан, Сайн ноён хан, Засагт хан гээд дөрвөн аймагтай байхад хангайгаас говь, говиос хангай гээд отор нүүдэл чөлөөтэй хийдэг болсон. Энэ хэрээр малаа дагаад хүмүүс нь хоорондоо танилцаж гэр бүл болдог байсан. Өнөөдрийн энэ бүтэц нь хүн амын хөдөлгөөнийг хязгаарласан үйл ажиллагаа болсон. Наад захын жишээ гэхэд эдний сумын залууд, бүсгүйд охиноо, хүүгээ өгөхгүй ч гэх юм уу энэ сумынхан манай нутагт орж ирлээ гэх мэтээр жалга довны үзэл байнга гаргадаг. Энэ нь цус ойртолтыг дэмжсэн үйл ажиллагаа болж байна. Тухайлбал, хүн амын дунд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4, нэг сумын хүн амын хувьд тухайн сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 73.9, нэг аймгийн хэмжээнд 86.1 хувийг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд төрөлхийн гаж хөгжилтэй нярай олон төрөх болсон байна. Иймээс улсын хэмжээнд төрөлхийн согог, гажигтай нярайг бүртгэх нэгжийг ЭХЭМҮТ-ийн дэргэд 2005 онд байгуулсан. 2009 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд төрөлхийн хөгжлийн гажгийн 689 тохиолдол бүртгэгдэж, жилээс жилд давтамж нь өсчээ. Уруул, тагнайн сэтэрхий, нугас нь ивэрхий, тархи нь усаар дүүрсэн, өтгөний сүв нь битүү, хэвлийн урд талын хана байхгүй зэрэг 10 төрлийн гажиг бүртгэгдсэн байна.

Яг өнөөдрөөс эхлээд цус ойртолтын талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол бид шинээр хэд хэдэн сэтгэцийн эмнэлэг байгуулах шаардлага гарах нь байна. Гадаадынхан бидэнд хүнээ, удмаа эрүүл болго гэж туслахгүй харин хурдхан шиг элий балай хүмүүсээр дүүрээсэй гэж бодож байгаа. Монгол Улсын иргэн, өрх бүр ургийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй. Цус ойртолтыг холдуулж байна гээд гадны хүмүүстэй гэрлэх нь туйлын буруу. Зарим нь өөрийгөө зөвтгөж байгаа байх. Үгүй шүү гэж хэлмээр байна. Хүн амьдралын орчиндоо удмын сангийнхаа тусламжтай дасан зохицож, амьдрал нь тэнцвэртэй явагддаг. Өөрөөр хэлбэл, бид монгол цус, монгол удмын сангаар Монголынхоо байгаль, уур амьсгалд дасан зохицож байж сая эрүүл чийрэг бие бялдар, оюунлаг байдлаа хадгална. Нөгөө талаас эрлийзжилтээр тухайн улс үндэстний удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний ген хэдэн мянгаараа ороод ирдэг. Хурдны морь дээр жишээ авахад баруун аймгийн морь зүүн аймагт очоод идээшиж чадахгүй. Тухайлбал, улсын наадмаар төвийн бүсийн морь л хурдан байдаг шүү дээ үүнтэй утга нэгэн адил юм. Тиймээс одоо эхлэх цаг болсон.

Т.СҮХБААТАР
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж