Гутлын загварыг хэрхэн сонговол та цаг үеэсээ хоцрохгүй байх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Гутлын загварыг хэрхэн сонговол та цаг үеэсээ хоцрохгүй байх вэ?

Энэ өвөл, ирэх хаврын гутлын загварыг та сонирхож байгаа л биз дээ. Цаг үетэйгээ зэрэгцэн алхах дургүй хэн байхав . “Хоцрогдсон амьтан“ гэж нэрлэгдэх дуртай бүсгүй гэж ер хаа байхав. Тэгэхээр цаг зав муутай бүсгүй таныг хоромхон агшинд гутлын ертөнцөөр аялуулъя. Та татгалзахгүй биз дээ.

– Энэ жилийн өвөл, хаврын загварууд нь өмнөхөө бодвол илүү хуучинсаг сонгодог хандлагыг өөртөө агуулсан байх нь. Хөнгөн хийсвэр төрхийг илэрхийлсэн хурц тод өнгийг тэвчиж, харин ихэмсэг, ёсорхог, албархаг бараан өнгө ноёрхох төлөвтэй. Элдэв чимэг сэлт бага, сонгодог хийцийн гуталнууд ид моодонд орох гэнэ. Та ийм хэв маягт дургүй байлаа ч эвлэрэхээс аргагүй. Моод бол моод.

– Алдартай загвар зохион бүтээгчдийн загварын үзүүлбэрүүдэд хатуу чанга ажил хэрэгч бүсгүй, хэт хуучинсаг эмэгтэйчүүдийн төрхийг шингээсэн загвар зонхилж байна. Тэгэхээр таны гардеробыг ийм загварын хувцас, гутал баяжуулах бололтой. Таны гутланд ямар ч дэгжин бантик, чулуун шигтгээ, элдэв чамин чимэг сэлт хэрэггүй, харин тун даруухан сонгодог загварын хар хүрэн, цайвар шаргал, саарал өнгө илүүтэй зонхилох болно.

– Энэ жилийн хувьд урт, богино, дунд зэргийн гээд бүх л төрлийн гутлын хоншоор нь дугуйвтар хэлбэртэй байх нь. Хэт шөвгөр хоншоор моодноос гарсныг та анзаарсан байх. Мөн хуучны платформ ултай гутал ч хит болж буй.

– Гутлын өсгийний хувьд хадаас мэт нарийхан биш харин тулгуур сайтай бүдүүвтэр хэрнээ өндөр өсгий хамгийн зохимжтой.

– Урт түрийтэй гутал нь өвлийн улирлын мөнхийн загвар. Түрийний хувьд чамин гялгар арьсан эсвэл бүр түүний эсрэг болхи , боловсруулаагүй ширэн аль нь ч байж болно. Хоншоор нь мөн л дугуй хэлбэртэй, үслэг арьс, шир, даавуун чимэглэл багатай . Яг цэргийн даргын гялалзтал тосолсон гуталтай тун төстэй загвар моодонд орж байна гэвэл та гайхахгүй биз дээ. Өөрөөр хэлбэл ямар ч тоног сэлтгүй тас хар урт түрийтэй хэр нь өсгий нь тийм ч өндөр биш загвар.

– Эцэст нь та сонгодог загварын элдэв чимэглэл багатай гутлуудыг торгомсог оймсныхоо өнгөтэй зөрүүлэн өмсвөл тун зохимжтой харагдах болно. Хар торгон оймсыг цайвар өнгийн гутлан дээр, харин цайвар өнгийн торгон оймсыг хар бараан өнгийн гутлан дээр өмсөнө гэсэн үг л дээ.

Мэдээж ганцхан гутал загварыг тодорхойлохгүй нь ойлгомжтой тул та бусад хувцсаа өнгө хэв маягийг нь тохируулан хэрэглэх хэрэгтэй. Энэ жилийн хувьд таны дэргэдүүр хөнгөмсөг загварын бус ажил хэрэгч төрхөөр хувцасласан бүсгүйчүүд илүүтэй нүдэнд тусаад байвал тэд шинэ хэв маягаар хувцасласан хэрэг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж