Колумб 147 цэрэгт ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Колумб 147 цэрэгт ял оноожээ

Колумбын цэргийн шүүхээс тус улсын армийн 147 цэргийг хууль бусаар мөнгө олж авсан хэрэгт буруутган шүүж, бүгдэд нь хорих ял оноожээ. Колумбын албаныхны мэдээлснээр армийн цэргүүд 2003 оны дөрөвдүгээр сард Богота хотод “ФАРК” буюу босогчдын хувьсгалт бүлэглэлийн дайчидтай хийсэн тулааныхаа дараа гялгар уутанд хийж нуусан их хэмжээний бэлэн мөнгө олсон аж. Гэвч Колумбын армийн цэргүүд энэхүү бэлэн мөнгөний талаар удирдлагууддаа мэдэгдэлгүй өөрсөддөө авсан нь илэрчээ. ВВС-ийн мэдээлснээр Колумбын армийн цэргүүдийн хууль бусаар олж авсан бэлэн мөнгө нь ойролцоогоор 20 сая ам.доллар хүрэх бөгөөд шүүхээс тэдэнд найман сараас таван жил хүртэлх хорих ял оноосон байна. Колумбын шүүхээс армийн цэргүүдийг “ФАРК” бүлэглэлийн дайчдын хар тамхины наймаа, хүн барьцаалах гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан бохир мөнгөний талаар дарга нартаа мэдээллэхийн оронд өөрсөддөө авсныг эрс буруушаажээ.

Колумбын “ФАРК” бүлэглэл 1964 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Засгийн газартайгаа тэмцэж байгаа бөгөөд энэ хугацаанд тэдний хоорондох зөрчил, тэмцэлд 600 мянга гаруй хүн амь насаараа хохирч, сая гаруй хүн эх орноосоо дүрвээд буй аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж