Эхний тоглолт “Энержи Ресурс Харцага” болон “ТЛЖ 13” багуудын хооронд болсон. Харцага багийн хувьд 1-р тойргийн сүүлийн тоглолтондоо П.Болортулгын баззер шотоор гайхалтай хожил байгуулаад байсан. Харин ТЛЖ 1 хожил, 6 хожигдолтой байсан юм.
Тоглолтын эхний хагаст ТЛЖ уламжлал ёсоор сайн тоглосон. Тэд эхний хагаст 47-36-аар илүүрхсэн. Энэ хагаст тэднээс Кендрик Блэк тун сайн тоглож, 12 шидэлтээс 8-г нь амжилттай болгож, 17 оноо авчээ. Гэхдээ 3-р үе эхлээд Харцага багийн Б.Нэмэхбаяр торгуулийн 3 шидэлт амжилттай болгож, Г.Баттөр бөмбөг тасалж, хурдан довтолгооноор оноо авч, багийнхаа тоглолтыг сэргээсэн. Харин ТЛЖ сүүлийн хагаст муухан тоглодог уламжлалтай болоод байна. Хэдийгээр 3-р үед аль аль багууд олон бөмбөг алдалт хийсэн ч, энэ үед Харцага эсрэг багаасаа 17 оноо илүү авч, тооны харьцааг 66-60-аар илүүрхэх болсон. Улмаар 4-р үед Харцага энэ тоглолтоо хадгалсан. Мөн төвийн тоглогч Б.Одбаяр цагариган дээрээс довтолж, хөгжөөн дэмжигчидээ баярлуулсан. Ингэснээр Энержи Ресурс Харцага 87-72-оор хожиж, 2-р тойргийн эхний тоглолтондоо хожлоо. Тэднээс Б.Одбаяр 24 оноо, 17 самбар, Б.Нэмэхбаяр 14 оноо, Г.Баттөр 13 оноо авсан. Тэд ийнхүү 4 хожил, 3 хожигдолтой болж байна. Харин ТЛЖ-с Кендрик Блэк 21 оноо, 13 самбар, Д Андре Браун 21 оноо, 10 самбар багтаа авчирсан. ТЛЖ ийнхүү 1 хожил, 7 хожигдолтой боллоо.
“Танан Гарьд" зургаа дараалсан хожлоо авлаа
Хоёр дахь тоглолт “Танан Гарьд” болон “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн хооронд боллоо. Дээрх багууд адил таван хожил, хоёр хожигдолтой яваа аж. Багуудын эхний тоглолтод “Танан Гарьд” илүүрхээд байсан байна. Өчигдөр болсон тоглолтод “Эрдэнэдрийлинг Ригс” багийн легионерууд болох Маркус Скиннер болон “Баянзүрх Буллз” багт тоглож байсан Дэн Хэдли нар оролцохоор болсон нь сонирхолтой тоглолт болно гэсэн хүлээлтийг улам ихэсгэж байлаа.
Үүнийг баталж, тоглолтын эхний оноог Дэн Хэдли авсан. Харин нөгөө легионер болох Маркус Скиннер тун тэсрэлттэй тоглогч байлаа. Тоглолтын эхний үеийн дундуур Фредрик Вүүдс, Б.Батжавхлан дээр хаалт тавьж, хариуд нь С.Эрдэнэдалай, О.Ууганбаяр дээр хаалт тавьсан. Үргэлжлүүлэн Маркус Скиннер цагариган дээрээс хүчтэй довтолсоноор, үзэгчдийн шуугиан дээд цэгтээ хүрсэн. Ингэснээр эхний үед 18-22-оор Ригс илүүрхсэн.
Үргэлжлүүлэн тоглолтын хоёрдугаар үед олон блок шотууд болж, Дэн Хедли, Ш.Сэдбазар, Фредрик Вүүдс, М.Отгонмөнх нарын хаалтууд, Фредрик Вүүдсийн тохолт, О.Ууганбаярын шидэлтүүд, Б.Мөнхболдын оролт үзэгдчийг суудлаас нь өндөлзүүлсэн. Улмаар эхний хагас 46-45-аар тун ойрхон өндөрлөсөн. Энэ хагаст Гарьдууд багийн О.Ууганбаяр 19 шидэлтийнхээ 10-г амжилттай болгож, 25 оноо авчээ.
Тоглолтын гуравдугаар үе эхлээд "Танан гарьд" багийн Ц.Азбаяр гурав дараалсан холын зайн шидэлтээ амжилттай болгож, Вүүдс ээлжит удаагаа цагариган дээрээс довтолсон. Мөн О.Ууганбаярын шидэлтүүд байндаа тусч байлаа. Харин Эрдэнэдрийлинг Ригс баг онгоцноос буугаад удаагүй байсан, легионеруудаа амраасан. Ингэснээр 98-89-ын харьцаатай Танан Гарьд 6 дахь хожлоо авлаа. Танан Гарьд ингэснээр супер лигийн эхний 2 тоглолтонд хожигдсоноос хойш, 6 дараалан ялалт авч байна. Тэднээс О.Ууганбаяр 37 оноо, 10 самбар, Фредрик Вүүдс 18 оноо, 14 самбар, Б.Мөнхболд 12 оноо, Г.Ихбаяр 9 оноо, 7 оновчтой дамжуулалт багтаа авчирчээ.
Харин “Эрдэнэдрийлинг Ригс” багаас Ш.Сэдбазар 17 оноо, 6 самбар, Маркус Скиннер 16 оноо, 16 самбар, С.Өрнүүнбилэг 12 оноо, 12 самбар авчээ. Тэд ингэснээр 3 хожигдол, 5 хожилтой болж байна.