Цөмийн технологийг олон салбарт нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Цөмийн технологийг олон салбарт нэвтрүүлнэ

Цөмийн энергийн газраас “Цөмийн технологийн хэрэглээний өнөө ба ирээдүй” нээлттэй сургалт, семинарыг өчигдөр зохион байгуулжээ. Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг арга хэмжээг нээж тус газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Тэгшбаяр байгууллагынхаа талаар товч мэдээлсэн байна. Тус байгууллага нь, Монгол улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын хэмжээ аюулгүй түвшинд байгаа эсэхийг хянах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Семинарын үеэр тус газрын цөмийн технологийн газрын дарга Б.Баярбадрах хэлэхдээ “Цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи,  уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарт хавдрыг эрт оношлох, эмчлэх, алсын үсэрхийллийг таслан зогсоох, мэс заслын хэрэгсэл болон хагалгааны эд зүйлсийг ариутгах, шимэгчээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах боломжтой болох юм” хэмээн тодотгожээ. Мөн цөмийн технологийг цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, тухайн газар оронд нутагших чадвар сайтай ургамлын шинэ сорт гаргаж авах, хортон шавьж, хөгц мөөгөнцрийн тархалтыг зогсоох, малын үржил шимийг сайжруулах зэргээр хүнс хөдөө аж ахуйн салбарт ч ашиглах боломжтой ажээ.

Цөмийн энергийн газар цөмийн эрчим хүч, цөмийн технологийн чиглэлд гадаад дотоодын санхүүжилттэйгээр олон төсөл хэрэгжүүлдэг байна. 2014 он хүртэл хэрэгжих төслийн 49 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих юм. Үүнтэй холбоотойгоор мал эмнэлгийн хүрээлэн, мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэн гэх мэт газруудтай хамтран төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Манай улс Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 онд хамрагдсанаас хойш 60 гаруй төсөл хэрэгжүүлж 12 сая долларын тусламж авсан байдаг аж. 2009-2014 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийт 1.8 сая еврогийн өртөг бүхий найман төсөл хэрэгжих юм байна. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж