ЦЕГ-ын сайтыг хакердсан этгээдийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын сайтыг хакердсан этгээдийг олоогүй байна

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн цахим хуудас өнгөрсөн сарын 15-нд кибер халдлагад өртсөн бөгөөд одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Жаргалсайханаас тодрууллаа.

-ЦЕГ-ын сайт кибер халдлагад өртсөнөөр нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Мэдээлэл алдагдах боломж бий юу?

-Цахим хуудсанд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нээлттэй мэдээлэл болох сэрэмжлүүлэг, зөвлөгөө, сонгон шалгаруулалт, зар, мэдээлэл зэрэг нууцын зэрэглэлгүй мэдээллийг байршуулдаг байсан. Энэ сайтад хувь хүн болон албан байгууллагын нууцад хамаарах ямар ч мэдээлэл байгаагүй тул мэдээлэл алдагдсан гэх нь ташаа юм.

-Ямар шалтгаанаар, хаанаас хакердсан юм бол?

-Аль улсаас, хэн, ямар зорилготой манай байгууллагын сайтад халдсан гэдгийг тогтоохоор шалгаж байгаа. 

-Сайтыг хэзээ засварлаж дуусах вэ?

-ЦЕГ-ын мэдээлэл холбоо технологийн газрын мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

-Цахим сайтыг хакердсан этгээдүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хэрэг үүсгэн, шалгана. Гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль, 3-6 сар баривчлах ялтай байдаг. Ноцтой үйлдэл бол хоёрооc тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж