Одон бөмбөгчид ээлжит ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Одон бөмбөгчид ээлжит ялалтаа авлаа

ОХУ-ын нийслэл Москва хотноо ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй манай эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өчигдөр хэсгийн ээлжит тоглолтоо хийж, ялалт байгуулсан байна.

Эрэгтэйчүүдийн “D” ангилалд Мальт, Парагвай, Лаос болон Сьерра Леоны багийн хамт Q группт сугалаа таарсан манай эрэгтэй баг тамирчид өчигдөр монголын цагаар 14.00 цагаас Лаосын багтай тоглож, 3:0 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд орой нь буюу 23.30 цагаас Мальтын багтай тоглож, мөн 3:0 харьцаатай хожжээ. Ийнхүү манай эрэгтэй одон бөмбөгчид хоёр хожиж, нэг хожигдсон амжилтаар таван оноотой болоод байна. ОУХМ Л.Алтантулга, Т.Энхтөр, спортын мастер З.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэйчүүдийн баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо 17.00 цагаас /монголын цагаар/ Сьерра Леоны багийн эсрэг хийнэ.

Харин ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Ч.Номин-Эрдэнэ, спортын дэд мастер Б.Энхжин нарын бүрэлдэхүүнтэй манай эмэгтэй баг тамирчдын тухайд өчигдөр Мадагаскарын тамирчидтай өрсөлдөж, 3:0 харьцаагаар ялалт байгуулснаар хоёр дахь хожлоо авсан байна. Тэд өнөөдөр монголын цагаар 17.00 цагаас Косово, 20.30 цагаас Киргизстаны багтай тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж