Иракийн нийслэл Багдад хотын Шийтүүд голчлон оршин суудаг дүүрэгт өчигдөр орой цуврал дэлбэрэлт болсны улмаас 22 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртжээ. Эхний бөмбөг дүүрэн үйлчлүүлэгчтэй рестораны зогсоол дээр байрлуулсан автомашинд дэлбэрсэн болсон бол удаах дэлбэрэлт нь хөл бөмбөгийн талбайн ойролцоо болсон байна. Эдгээр дэлбэрэлтийн улмаас нийт 18 хүн амь үрэгдэж, 40 орчим хүн гэмтэж бэртжээ. Харин үүний дараа зах дээр байрлуулсан автомашинд бөмбөг дэлбэрснээр дөрвөн хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн байна. Үүний зэрэгцээ Иракийн цагдаа нар Багдад хотын зургаан том замын хажууд тэсрэх бөмбөг нуусан байсныг олж илрүүлсэн тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики тэргүүтэй шийтүүдээр удирдуулсан Засгийн газрын эсрэг олон мянган суннитууд шат дараатай эсэргүүцлийн арга хэмжээ авсаар байгаа бөгөөд суннит болон шийтүүдийн хоорондох зөрчил мөргөлдөөний улмаас олон зуун энгийн иргэд амь насаараа хохироод байгаа аж.
Б.АНХТУЯА