Гэвч хоёрдугаар сарын 21, 25, 26- ны өдрүүдэд явагдсан сонгон шалгаруулалтын дүн хэдийнэ тодорхой болж, гадуур дотуур шивэр авир хийж эхэлсэн ч Төрийн албаны зөвлөлөөс шалгаруулалтын дүнг зарлахын оронд амандаа ус балгасан мэт буруу харж суугаад бухимдах олон байна. Чадваргүй, чадалгүй, дээр нь харилцааны доголдолтой Төрийн “нарийнууд”-ын балгаар Шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын нэр хүнд газартай шороо манарган унаж байгааг төр засгийн удирдлагуудад хошуу нэмэрлэхэд ийм байна.
Эцэст нь өгүүлэхэд арлын Японд гэхэд яамны төрийн нарийнуудыг сонгохын тулд манайх шиг улс төрийн нөхцөл байдлаас хамаарч бус харин ч мэдлэг чадварыг нь үндэслэн маш өндөр шалгуураар сонгон шалгаруулалт явуулдаг гэсэн. Тодруулбал, тухайн салбартаа таваас доошгүй жил ажилласан бол тухайн яамны хэлтсийн, салбартаа найм, яамандаа таван жил ажилласан бол газрын, харин яамандаа арваас дээш жил ажилласан бол стратеги хариуцсан дарга болдог бол 12-оос дээш жил ажилласан тохиолдолд төрийн нарийн бичгийн дарга болдог журам үйлчилдэг ажээ. Ингэхдээ нэг салбарт дор хаяж гурван боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд сонгон шалгаруулт явуулснаар аль чадвартайг нь томилдог юм байна. Мөн 60-аас дээш настай хүнийг “бензин” нь дууссан гэж үздэг учраас төрийн нарийн болгох сонирхол байдаггүй тухай ном хэвлэлд бичсэн байна билээ.
Тиймээс сүүлийн хэдэн сарын турш үргэлжлүүлсэн танил талдаа тал зассан томилгоонуудын дуулианаар жавтий хүртээд буй эрх баригчид энэ удаад шалгалтанд тэнцээгүй Төрийн “нарийнууд”-ынхаа асуудлыг даруй шийдэж, яамны ч тэр, төрийн ч тэр ажлыг гацаалгүй явуулах дээрээ анхаарахгүй бол цаад Төрийн албаны зөвлөлийнхөн шалгаруулалтын дүнгээ нууцлаад төрийн ажлыг гацаасаар байх нь шүү.