Шугам, сүлжээний нарийвчилсан судалгааг хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Шугам, сүлжээний нарийвчилсан судалгааг хийжээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар авто зам, замын байгууламжийн он дамжин хэрэгжиж байгаа ажлуудын тухай, нийслэлд 2013 онд гүйцэтгэх авто замын 45 ажлын талаарх нарийвчилсан мэдээлэл, 2013 онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийн тухай, ардчилсан орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ жил шинээр 45 байршилд авто зам, замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд замын ажил хийж дууссаны дараа, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шугам сүлжээнд гарсан гэмтлийг засах зэргээр бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэх явдал гардаг. Тиймээс энэ байдлыг халж, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэн, үргүй зардал гаргахүйн тулд энэ жил хийхээр төлөвлөгдсөн авто замын 45 байршлын замын зурагт орж буй шугам сүлжээний  нарийвчилсан судалгааг хийж, ерөнхий төлөвлөгөөний газрын дэвсгэр зурагт байхгүй, инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд бүртгэгдээгүй шугам сүлжээг 10 хоногийн хугацаанд илрүүлж, тогтоох үүргийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн түрүүчийн хуралдаанаас холбогдох албаныханд өгсөн юм. Энэ үүргийн дагуу төлөвлөлтөнд орсон 45 байршлын замын зурваст орж буй шугам, сүлжээнд тодруулга хийсэн байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдоржийн танилцуулснаар 2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн авто зам, замын байгууламжинд орж буй дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, холбооны шугам сүлжээг тодруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран 2 сарын 21-нээс эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд 45 байршлын 20 байршилд нь шугам сүлжээтэй холбоотой ямар нэг гэмтэл саатал гарахгүй болохыг тодотгожээ. Гэхдээ анхаарч ажиллах ёстой хэд хэдэн байршил байгааг хэллээ. Тухайлбал, дулааны шугамын хувьд Зайсангийн гүүр дагасан 2ф300 мм шугамыг 2ф500 мм болгох, 11 дүгээр хорооллын авто зам болон хөгжим бүжгийн коллежийн зүүн талаар явж буй 6ж, 5в магистраль шугамын ажлын зураг төсөл хийгдсэн боловч 2013 оны улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгө нь тусгагдаагүй тул авто замыг өргөтгөж, шинэчилсний дараа тус шугамуудыг шинэчлэх нөхцөл үүсэж магадгүй байгааг хэллээ.

Харин цахилгаан шугам сүлжээний хувьд нийтдээ 0,4 кВ, 6кВ, 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель 39 удаа зам огтолж гарсныг дэвсгэр зурагт нэмж тодруулж оруулсан байна.

Мөн авто зам дагуу цэвэр усны шугам 28 цэгт, бохир усны шугам  22 цэгт замыг огтлон гарч байгаа бөгөөд замын дагуу цэвэр усны 24, бохир усны 17 шугам явсан байна. Тиймээс замын байгууламжуудын газар шорооны ажил хийж эхлэхдээ газар доорхи шугам сүлжээтэй байгууллагуудаас зөвшөөрөл авч ажиллах шаардлагатай гэж үзжээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд, авто замын арчлалт, засварыг хариуцаж байгаа байгуулага бүр ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна. Гадны туршлагаас харахад авто замын газар нь инженерийн шугам сүлжээний байгуулагуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг нэгнийхээ ажилд дэмжлэг үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулж, газар доорх инженерийн шугам, сүлжээ, инженерийн байгууламжийн тухай мэдээллийн сангаа тухай бүр шинэчлэх, цаашлаад энэхүү мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн чиглэл өгөв.

Он дамжин хэрэгжиж байгаа замын ажлыг хугацаанд нь дуусгах үүрэг өглөө

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралдаанд Авто замын он дамжин хийгдэж байгаа ажлуудын  тухай   мэдээллийг  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч Н.Гантөмөр таницууллаа.

Энэхүү хуралдаанд мөн он дамжин хэрэгжиж байгаа замын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлага, төлөөллүүд байлцан ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр 12 ажил, харин хөгжлийн банкны санхүүжилтээр 11 ажил он дамжин хэрэгжих юм байна.  Он дамжин хэрэгжиж байгаа зам, замын байгууламжийн ажлын гүйцэтгэл дунджаар 50 хувьтай байгаа бөгөөд цаг хугацаанд нь дуусгаж чадна гэдгээ гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байлаа.

Зам засвар, шинэчлэлтийн ажил газар чөлөөлөлтийн асуудлаас болж удааширч байгааг замын компанийнхан хэлсэн. Замын зурваст байрлаж байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай шийдвэрлэж чадвал гэрээний хугацаандаа ажлаа бүрэн дуусгах боломжтой гэсэн юм.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас замын ажлыг хугацаанд  нь эхлүүлж, гэрээний хугацаанд ажлаа дуусгах хэрэгтэй. Тиймээс замын зурваст байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохих хууль, дүрмийн дагуу шийдвэрлэж, эрчимжүүл гэсэн үүрэг өглөө.

Мөн энэ хуралдаанаар 4-р сарын 26-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хурал”  зохион байгуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурлын үеэр манай улсад 10 гаруй орноос  хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм. Монгол Улсын Засгийн Газраас энэхүү дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, Захирагчийн ажлын албанд өгсөн байна. Энэхүү айчлалын хүрээнд  дээрхи ажлыг удирдан, зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж