-Таныг Төв аймгийн “Монгол туургатан” театрт гэрээгээр ажиллаж байгаа гэж дуулсан. Ямар хугацаатай ажиллах гэрээтэй байгаа вэ?
-Төв аймгийн театртай түр зуурын гэрээгээр ажилласан. Гэрээний дагуу хоёр жил ажиллах ёстой байсан ч ерөнхийдөө театрын дарга, найруулагч нь холигдож, солигдох асуудлаас болоод гэрээ цуцлагдсан. Одоо бол чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа.
-Төв аймгийн театрынхантай хамтран “Нохойн сүрэг”, “Ромео Жулльета” гэсэн хоёр ч том бүтээл дээр ажиллана гэж байсан, больчихсон юм уу?
-“Нохойн сүрэг” жүжгээс гадна “Ромео Жулльета”-г тоглоно намайг Ромеод тоглуулъя гэж байсан л даа. Үндсэндээ бол би татгалзсан. Хэдийгээр уг жүжгийг гадагшаа явж, Англид буюу эх оронд нь очиж тоглох ёстой гэж Ч.Ганхуяг найруулагч хэлсэн. Түүний дараа холио, сэлгээний асуудал яригдаад эхлэсэн учраас хэрвээ Ганхуяг найруулагч солигдвол тэр ажил байхгүй болох юм байна гэж би бодсон. Ер Төв аймаг Улаанбаатар хоёрын хооронд наашаа цаашаа үргэлж явах ч хэцүү юм гээд тийм шалтгаан зааж больсон.
-Таныг тайзны дүрээр дахин хармаар байна. Хэзээ тийм боломж үзэгчдэд олдох бол?
-Би их сонин бодолтой хүн л дээ. Ямарваа нэгэн театр ороод зүгээр нэг 500 мянган төгрөгийн цалинтай цагийн ажил хийнэ гэвэл өнөөдрийн манай Улаанбаатар хотод энэ мөнгө хэдэн төгрөг вэ гэдгийг бүгд мэднэ. 500-хан мянган төгрөгөөр цагийн ажил хийн гэр бүлээ тэжээнэ гэдэг надад ямарваа нэгэн юм хийхэд ч хэцүү. Зүгээр дуудлагаар ажиллавал гэдэг ч юм уу таныг энэ жүжигт тоглуулъя гэсэн урилга аваад тоглох юм бол бас өөр хэрэг л дээ. Хараахан одоогоор таныг тайзан дээр энэ жүжигт тоглуулъя гэсэн найруулагч алга байна. Кино л санал тавиад байгаа болохоос биш. Яахав энд тэндхийн найруулагч жүжгийн санал тавьдаг, тэр бүхэнд нь өөрийнхөө бололцоогоор оролцдог. Драмын театр бол их явцуу, гадны хүн тоглуулах их дургүй театр шүү дээ.
-Өнөөдөр залуу болон чөлөөт уран бүтээлчид тайзнаа жүжиг тавих хамгийн хэцүү асуудал болчихжээ. Хэчнээн сайн жүжиг, уран бүтээлчид байгаад хаана үүнийгээ тавих уу гээд?
-Ерөөсөө л үүнийг энэ урлагийг устгах гэж байгаа гэдны бодлого гэж би боддог. Драмын театрт ажиллаж байгаа хэдхэн жүжигчид байна. Гэтэл жүжигчний сургууль гэхэд түм бумаараа байна шүү дээ. Жилд 270 шахам жүжигчид төгсөж байна. Тэд хаана шингэх үү, хаана ч шингэхгүй. Шингээж байгаа газар нь ганц телевиз. Энэ бүхнээийг харсаар байж шинээр театр байгуулах гэсэн бодлогыг Засгийн газар явуулахгүй байна. Соёлын яам гэхэд яамандаа мэргэжлийн бус хүмүүсийг томилчихоод зүгээр л сууж байна. Урлаг ойлгодог хүмүүс нь урлагаа удирдаад, УИХ-даа хүртэл ороод энэ чиглэлэийг хэрэгтэй, үгүйлэгдээд байгаа хууль хүртэл гаргах хэрэгтэй. Мөн урлагийнханы тоглох бүх бололцоонуудыг хангах хэрэгтэй байна. Би зөвхөн урлаг гэж ерөнхийд нь бус театр урлагийг яриад байна л даа. Түүнээс биш энэ дуучид, чуулга гээд тоглож байгаа хүмүүс зөндөө л байна шүү дээ. Гэтэл Монгол улс, Улаанбаатар хотод ганцхан театрт байдаг. Тэр Улсын драмын эрдмийн театр нь эрдмийн гэдэг нэрийн дор ажиллаж чадахгүй байна. Бүх юмнаас зулгааж, татаж янз бүрийн жүжиг тавьж байна. Гэтэл эрдмийн театрын бодлого шал өөр шүү дээ. Бусад залуучудын, хүүхдийн театрыг устгаад хаячихсан.
-Драмын мэргэжлийн ганц театрын тайзнаас бусад соёлын төвүүдийн тайзыг хошин урлагийнхан эзэгнээд залуу уран бүтээлчдэд тайзны бүтээл хийх боломж хаалттай байна гээд байгаа шүү дээ?
-Би энэ талаар ярьдаг л юм л даа. Тэд ойлгохгүй намайг муулаад байна гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Хошин шогийнхон би монголын үзэгчдийнхээ тархийг цэвэршүүлэх бус юм бодуулахгүй муу тал руу нь бэлэн юманд сургаад байна шүү дээ. Хүн бүр л ярьдаг шүү дээ. Эмгэн, өвгөнд тоглодоггүй эрэгтэй хүн алга гэж. Өөрсдийгөө болон хөдөөний эмгэн, өвгөнийг шоолоод л хүмүүс инээлгээд. Тэднийг үзэн баахан инээсэн хүмүүс гэртээ очоод би өнөөдөр юу үзчих вэ гэж бодохоор надад хэрэгтэй зүйл байхгүй л байх жишээтэй.
-Гэхдээ л хошин шогийн тасалбар байнга шагаар зарагдан драмын тасалбар борлогдохгүй байх юм?
-Хошин шог тоглоод арваад жил боллоо. Хүмүүс инээхийг бодоод байна. Яагаад гэвэл амьдрал нь зовлонтой, үргэлжийн стресстэй. Үүнийгээ тайлахын тулд хүмүүсийн оюуны цангаа нь юу байна вэ гэхээр очиж, хошин шог үзэн инээх. Гэтэл цирк, сайхан кино, жүжиг үзмээр байдаг. Хүүхдүүдээ хөтлөөд хүүхэд, залуучуудын театрт очмоор л байдаг. Гэтэл бүгдийг нь юу ч үгүй устгаад хаясан. Драмын театрт орлоо. Та нар бодоод үз дээ. Драмын театр нэг л хэвийн мнууд хийж тавьж байна шүү дээ. “Тэнгэрийн хүү”, “Гамлет” гээд. Гэтэл өнөөгийн монголд болж буй үйл явдал, юу хэрэгтэй байна, ард түмний, үзэгчдийн оюунд юу хэрэгтэй байна бид аяж энэ замаас гарах уу гэсэн хүнд юм бодуулах жүжгүүд ховор тавигдаж байна. Одоо үзэгчид драмын театраас уйдаж байна шүү дээ. Одоо “Мөрөөдлийн театр” эсвэл тэр “ТВ Коктейль”-ийн тавьсан “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг очиж үзэхээр хүмүүс хошуурч байна. Аргагүй шүү дээ үзэгчид шинэ юмыг хүсээд байна гэдгийг залуучуудаас бусад нь бодохгүй байна. Өнөөдөр үзэгчдийг өөртөө татаад байгаа “Мөрөөдлийн театр”, “ТВ Коктейль” яг энэ хэвээрээ гурван жил ажиллавал бас л үзэгчид уйдаад эхэлнэ. Тийм учраас юм гэдэг чинь дандаа шинээр шинэчлэгдэж, дандаа шинийг тавьсанаараа амьд байдаг болохоос биш зүгээр үхмэл яг нэг хэвийн байх юм бол тэр бол түүхээс арчигдана гэсэн үг. Манайд хүмүүс ямар их зүйл хүсээд байгааг төр засаг нь ойлгохгүй, тэр урлагийн хүмүүс нь ч ойлгохгүй байна гэсэн үг шүү дээ.
-Та яагаад энэ ажилд өөрийн гар биеэр оролцож болохгүй гэж?
-Ухаандаа би Соёл урлагийн бодлогыг газрын даргыг хийе ээ гээд санал тавьсан. Би Ардчилсан намын гишүүн хүн. Ардчилсан нам яллаа гэхээр нь би Засгийн газраас нь хүртэл гуйгаад намайг энэ албан тушаал дээр тавьчих аа, би хэд хэдэн бодлого хэрэгжүүлмээр байна гэж хүртэл хэлсэн. Тэгээд л танил тал, мөнгө төгрөг өгсөн ч байдаг юм уу, ямар ч мэргэжлийн бус хүмүүсийг аваачиж тавьчихаад “Төмөрөө ямар ч бололцоо алга аа” л гээд явж байна. Үүгээрээ тэд шинэ юм хийе гэсэн хүнд дургүй байгаа нь ойлгомжтой. Юу ч мэдэхгүй хүнийг тавьсан нь дээр байхгүй юу. Яагаад гэвэл тэр дарга нарын үгэнд нь орно.
-Яг энэ үйл явдлыг л өнөөдөр нээлтээ хийх таны тоглосон “Улаан дөрвөлжин” кинонд үзүүлэх нь ээ?
-Тийм шүү. Тэр улаан дөрвөлжин дотроо л хүнийг байлгах гэж оролдсон дарга нарын үйлдэл. Тэд хүнийг тэр дотор нь үхүүлээд, тэнд л бүх юмыг нь хийлгээд хааш нь ч гаргахгүй хашаад өөрийнх нь бүх хүслийг биелүүлж байдаг. Өнөөгийн монголыг ч имй л зүйл болгох гэж байгаа. Тиймээс эдгээр дарга нарын үгнэд орохгүй, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс нь гадагшаа маш ихээрээ гарч, тэнд чөлөөтэй юмаа хийж байна. Энд чөлөөтэй хэдэн хүнээ дарлаад, мөнгийг нь луйвардаад, идээд баяжаад сууж байх хүмүүс олон болж. Хэрвээ хүмүүст өөрийн гэсэн улаан дөрвөлжин байгаа бол түүнээсээ гадныханд юу ч өгөхгүй дээ. Улаан дөрвөлжинд нь хамаагүй байгаа учраас л энэ Монгол орноо, газар нутагтай нь харийнханд өгч, хувааж идээд байгаа байхгүй юу. Оюутолгой, Тавантолгой гээд хар л даа. Ямар дампуурсан ажлууд бий болов. Гэтэл тэд Монголчуудын амьдралыг дээшлүүлэх агуу сайхан гэрээ хйичихлээ гээд байсан чинь сүүлд нь бөөн өрөнд орчихсон, хамаг зүйлээ гадныханд өгөөд явуулсанаар дуусч байгаа байдалд л хүрлээ. Энэ бүхний цаана хариуцлага гэж байна уу, юу ч байхгүй. Дандаа сүлжээнд орчихсон. Жишээ нь чамд би хариуцлага тооцно шүү гэхээр чиний хариуцлагыг чинь би бас тооцно шүү гэхээр нөгөөх нь дуугарч чадхаа байчихсан. Үүнийг л бид үндсээр нь солих ёстой. Монголчууд бид тэмцэж, хашгирч чадахгүй байна. Оюутнууд гэхэд л зөвхөн биднийг нийтийн тээвэрт үнэтэй явуулаад байна аа гээд байгаа болохоос биш, нийгмийн тэргүүнд эгнээнд бусдыг дагуулж өөрийнхөө эх орны төлөө тэмцэж, бүхнийг шүүмжилж байх цөм гэдгээ бүрр мартчихсан. Манай оюутнууд сургалтын төлбөр нэмэгдлээ гэдэг ч юм уу тэрүүхэн тэндээ л хөөцөлдөөд байгаагаас биш улс орон ямар байна гэдгийг ухаж ойлгохгүй байна. Түүхчид монголчууд манжийн дарлалд олон жил дарлагдсан болохоороо их хүлцэнгүй болсон гэж ярьдаг. Гэтэл Монголчууд өөрсдөө тэмцэх ухаан, чадвар, болоьсрол байхгүй байна шүү дээ. Тэдний тэмцэл болохоор суулт хийж, өлсгөлөн хийх л байна. Сүрт жагсаал гэж ямар зүйл байдаг юм бэ, шаарддаг зэргийг ашигласан хүмүүст хэдэн төгрөг өгчихөөр л чимээгүй болчихоод байгаа.
-Таны дараагийн уран бүтээл?
-Дараагийн уран бүтээл маань одоо явж байна. Тагнуулын ерөнхий газрын 40 ангит уран сайхны кинонд тоглож байна. “Эр хүн болгож өгөөч” гэдэг жүжгээр кино хийхээр намайг аавын дүрд буюу гол дүрийн нэгд урьсан байгаа. Үүнд бэлдээд байж байна.