Эрчим хүчнийхний “но” үнэд бус үргүй зардалд байжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Эрчим хүчнийхний “но” үнэд бус үргүй зардалд байжээ

Эрчим хүч хэн бүхний амин чухал хэрэглээ гэдэгтэй хэн ч маргахгүй. Хоол хувцсыг анхдагч гэж тодорхойлдог бол түүний дараа эрчим хүч орох нь гарцаагүй. Хэрэвзээ эрчим хүчний үйлдвэрлэл зогсвол би үүнийг бичиж, та уншиж магадлахгүй. Тиймээс ч эрчим хүчний салбар улс орны тэргүүлэх салбар байсаар ирсэн, байх ч болно. Гэвч энэ нь монопольдож бай гэсэн үг биш гэдгийг шинээр бүрэлдсэн Эрчим хүчний зохицуулах хороо хатуу санууллаа. Монополь салбар гэдгээр нь цахилгаан дулааны үнэ ханшийг төрөөс зохицуулдаг.  “Төр үнийг барьдагаас болж эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байна, үнэ нэмэх хэрэгтэй” гэсэн шаардлага жил бүрийн эхэнд дуулддаг. Энэ жил ч уламжлал ёсоор ийм яриа гарч, хэрэглэгчид  “За баларчээ, цахилгааны үнэ нэмэх нь. Дагалдаад бусад үйлдвэрлэлийн ч үнэ нэмэгдэх нь” гэсэн түгшүүрт автаад байв.  Үүнтэй нь Шударга өрсөлдөөнийхөн хүртэл эвлэрчихсэн “Харин ч цагаан сарын өмнө нэмээгүй нь их юм” болтол тайлбар хийж байлаа. Гэтэл өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос шал өөр шийдвэр танилцууллаа. Өчигдөр, уржигдар хоёр өдөр хуралдсан зохицуулах хорооны хурлаар эрчим хүчний салбарын өнгөрсөн оны ажлын үр дүн, энэ оны төлөвлөгөөг хэлэлцжээ. “Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж буй нь үнэн. 2012 оны алдагдал л гэхэд 66,3 тэрбумд хүрсэн. Гэвч үүнийг ахуйн болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг өсгөх байдлаар зохицуулахгүй. Юун түрүүн салбар дотооддоо шинэчлэл хийнэ. Энэ жилдээ ахуйн хэрэглэгчид болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулааны үнийг өсгөхгүй” гэсэн мэдээллийг өгч байна. 

Цалингаа нэмсэн захирлуудыг ТӨХ өөгшүүлжээ

Дээр дурдсан 66,3 тэрбум төгрөгийн зардлын 30 хувь буюу 22,5 тэрбум нь хариуцлагагүй байдлаас үүдсэн үр ашиггүй зардал байсныг ЭХЗХ-ны зохицуулагчид хэлж байна. Эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 18 компани  бий. Тэдгээр компаниуд болон цахилгаан дулаан түгээх, дамжуулагчид цөм өнгөрсөн онд алдагдалтай ажилласан мэдээ ирүүлжээ. Төлөвлөсөн зардлаа  40 хүртэл хувиар хэтрүүлэн хэрэглэсний дотор дотоод үйл ажиллагааны зардал, цалин, удирдлагын зардал багагүй хувийг эзэлжээ. Одоогоор тус салбарт ажиллаж буй 11 мянга орчим ажиллагсдын дундаж цалин 824,5 мянган төгрөг ажээ. Эднээс хамгийн өндөр цалинг удирдлагууд нь хүртэх нь мэдээж. Гэтэл оны эхэнд ЭХЗХ-оос баталж өгсөн цалингийн зардлыг хэд дахин хэтрүүлэн тогтоосон, гадаад дотоод сургалтын зардлыг нэмэгдүүлсэн зэрэг  үйлдлийг ТӨХ, тэр дундаа компаниудын ТУЗ-ийн гишүүд нь дэмжсэн нь гайхал төрүүлсэн хэрэг юм. Ийм байдал үргэлжилсээр байвал  салбар цаашдаа уналтад орох тул  ЭХЗХ-оос энэ онд салбарын хэмжээнд зардлаа бууруулах үүргийг өгсөн байна.

Нийт 470 мянган хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг тус салбарынхан хэрэглэгчдэд түгээж буй цахилгааны кВт тутамд 40 төгрөгийн алдагдал хүлээж байгаагийн дээр хариуцлаггүйн алдалдал нэрмээд байгааг зохицуулагчид анзаарчээ. Хойшид тус салбарын алдагдлыг  бууруулахын тулд томоохон үйлдвэр аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудын цахилгаан дулааны хэрэглээг эргэж хянахын Монгол банкнаас хөнгөлөлттэй зээл авч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Даланзадгадын станцаас бусад нь үйлдвэрлэлээ өсгөжээ

Эрчим хүчний системийн хэмжээнд өнгөрсөн онд үйлдвэрлэл нэмэгдсэн дүнтэй гарчээ. Төвийн эрчим хүчний системийн түгээсэн цахилгаан 6,4 хувиар, дулаан 6,3 хувиар, Дорнодын станцын үйлдвэрлэж түгээсэн цахилгаан 19,3 хувиар, дулаан 11 хувиар өссөн байна. Харин Даланзадгадын хувьд цахилгаан үйлдвэрлэл нь 6,5 хувиар өсч, дулаан нь 14,7 хувиар буурсан байна. Тэгэхээр Даланзадгадынхан зутруухан өвөлжсөн нь үнэн ажээ. Баруун бүсийнхэн ч ОХУ-аас авдаг цахилгаанаа нэмэгдүүлсэн байх юм.

Өнгөрсөн онд төвийн бүсийн зургаа, орон нутгийн зургаан компанид улсаас 25,6 тэрбум төгрөгийн татаас олгожээ. Системийн хэмжээнд цахилгааны тасалдал  буурчээ. Нэг хэрэглэгчид ногдох цахилгаан тасалдлын үргэлжлэх хугацаа, давтамж нь буурсан гэсэн эерэг үзүүлэлт олон байна, эрчим хүчнийхэнд. Энэ бүхнээ зүлгэж өнгө оруулахын зэрэгцээ алдагдлаа бууруулан эдийн засгийн чадавхаа сайжруулахын чухлыг ЭХЗХ-ыхон сануулж байлаа.

Үргүй зардал гаргадаг ч үр дүнгийн шагнал авсаар байх уу?


ЭХЗХ-ны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Б.Бассайхан, Д.Чулуунбаатар нар мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-66,3 тэрбум төгрөг гэдэг нэг салбарын хувьд их мөнгө. Гэтэл өдий хэмжээний алдагдалтай ажилласаар хэр нь үр дүнгийн шагнал авсаар ирснийг юу гэж тайлбарлах вэ. Үр дүнгийн шагналыг амжилттай ажилласан тохиолдолд өгдөггүй юм уу?

-Өнгөрсөн эрчим хүчний салбарт үргүй зардал цөөнгүй байгаагийн дотор үр дүнгийн шагналыг хэтрүүлэн олгосон тохиолдол гарсныг нуухгүй. Үр дүнгийн шагналыг 2,5 сараар олгох байтал дөрвөн сараар олгосон жишээ бий. Гэхдээ үр дүнгийн шагналыг дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр олгодоггүй. Эрчим хүчийг хэрэглэгчдэд найдвартай, тасалдалтай түгээнэ гэдэг нөр их хөдөлмөр шаарддаг. Үндсэн тэр үүргээ хэрхэн биелүүлснээр ажлын үр дүнг тооцож шагнал олгодог.
 
-Цахилгааныг шөнийн цагаар хэрэглэвэл төлбөргүй байх тухай их яригддаг. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ. Шөнийн тарифыг тэглэчихвэл үйлдвэр аж ахуйн газрууд шөнө ажиллаж, айл өрхүүд ч цахилгаанаар гэрээ дулаацуулдаг болох юм биш үү?

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн 140 хороон дээр цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж байгаа. Одоогийн байдлаар 30 мянга орчим айл өрхөд цахилгаан эрчим хүчний хэрэглээний хөнгөлөлт аваад байгаа. Цахилгаанаар гэрээ халааж буй иргэдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, нэг кВт цахилгааныг 20 төгрөгөөр түгээж байна.

-Манай улс ОХУ-аас итпортлон авсан цахилгаанаа шөнийн цагаар ашигладаггүйгээс буцаж урсахад хүрдэг гэх юм билээ. Түүнийг ашиглаж болохгүй юу?

– Их ачааллын үед манай улсын эрчим хүчний систем ачааллаа даадаггүй. Тиймээс манай улс цахилгааны өндөр хэрэглээтэй  үе буюу 18-21 цагийн хооронд ОХУ-аас цахилгаан импортлон авч, хэрэглээ багассан үед цахилгаанаа экспортолдог. Экспортын үнэ хэдэн жилийн өмнө бага байсан ч одоо бол боломжийн хэмжээнд хүрсэн. Баруун бүсийн эрчим хүчний систем нийт хэрэглээнийхээ 70 хувийг ОХУ-аас авч, үлдсэнийг Дөргөний усан цахилгаан станцаас хангадаг.

-Цахилгаанаа хэмнэх талаар сурталчилгаа их явуулдаг. Үр дүн гарч байна уу?

-Манай улс эрчим хүчний дутагдалтай байдаг. Эх үүсвэрүүд төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орж чадахгүй байна.  Сүүлийн 20 жилд нэг ч цахилгаан станц барьсангүй. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлтийн талаар байнга сурталчилж байгаа. Цаашдаа хэмнэлтийг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Бага хэрэглээг хямдаар, өндөр хэрэглээнд өндөр өртөг тогтоох зэргээр хэмнэлтийг дэмжинэ.

-Хоёр тарифт тоолуур олгох ажил ямар шатандаа байна вэ?

-Улаанбаатарын гэр хорооллын 106 мянган хэрэглэгчдийн 90 хувь нь хоёр тарифт электрон тоолуурт шилжсэн. Орон сууцны 90 мянган хэрэглэгдийн олонх нь хуучин механик тоолууртай байгаа. Хэрэглэгч хүсвэл энэ тоолуурыг тавиулж болно гэсэн хариултыг өглөө.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж